Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт харамсалтай хэрэг гарч, хоёр залуу тогтоол усанд живж амиа алдсан байна. Цагдаагийн байгууллагад 2025 оны тавдугаар сарын 27-ны өдөр “Тогтоол усанд хүмүүс живсэн” гэх мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу холбогдох албаныхан газар дээр нь очиж шалгалтын ажиллагаа явуулахад, 26-30 насны хоёр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд 2 метрийн гүнтэй тогтоол усанд живж, амь насаа алдсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Энэ төрлийн золгүй явдал дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх үүднээс, иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тогтоол ус, гол нуур зэрэг байгалийн усанд орохгүй байхыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.
Иргэдийн анхаарах зүйлс:
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх
- Байгалийн усны гүн, урсгал, аюулгүй байдлыг урьдчилан шалгах
- Насанд хүрээгүй хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Аюулгүй байдлын анхан шатны мэдлэгтэй байх
Хариуцлагатай хандлага, ухамсартай үйлдэл нь таны болон бусдын амь насыг хамгаална.