Сон Жи А: Samsung Galaxy хэрэглэдэг найз залуу надад таалагдахгүй

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Сон Жи А

“Ганц бие там” (Singles Inferno) шоугаар дэлхийд танигдсан Өмнөд Солонгосын нөлөөлөгч, Юүтүүбэр Freezia буюу Сон Жи А саяхан хийсэн мэдэгдлээрээ цахим ертөнцийг хоёр талцуулаад байна. Тэрээр өөрийн влог бичлэгтээ найз залуугаа Samsung Galaxy утас барихыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн нь солонгос хэрэглэгчдийн дунд ширүүн маргаан дэгдээжээ.

Тус маргаан нь түүний сувагт байршуулсан “Vlog: Удаан уулзаагүй байна~ Аль хэдийн 3-р сар! Freezia-гийн өдөр тутмын амьдралын бичлэгүүд.zip: Гёнбок ордны болзоо хийх маршрут санал, White Day, хумс, киноны орой” гарчигтай бичлэгээс үүдэлтэй юм. Бичлэгийн явцад тэрээр хумсаа хийлгэж байхдаа танилтайгаа ухаалаг утасны талаар ярилцаж, улмаар найз залуу нь Galaxy Fold загварыг ашигладаг тухай сонсоод өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Сон Жи А энэ үеэр “Үнэндээ, хэрвээ миний найз залуу Galaxy барьдаг байсан бол надад таалагдахгүй байсан байх аа” хэмээн хэлжээ.

Сон Жи А өөрийн бодлыг үргэлжлүүлэн тайлбарлахдаа эцэг эх нь уг брэндийг хэрэглэдэг ч найз залуугийн хувьд байдал өөр байх ёстойг онцолсон байна. Тэрээр “Хэрвээ тэр миний зургийг тэр утсаараа авах юм бол миний дургүй маш их хүрнэ” гэж хэлснээс гадна амьдралдаа хэзээ ч тус брэндийг ашиглаж байгаагүйгээ дурджээ. Хэдийгээр Flip загвар нь хуучны дэлгэгддэг утсыг санагдуулсан тул сонирхож байсан ч iPhone-ийн үйлдлийн систем нь түүнд илүү хялбар, ойлгомжтой санагддаг аж.

Влог нийтэд цацагдсаны дараа олон нийтийн зүгээс түүнийг хэрэглэж буй эд зүйлээр нь хүнийг дорд үзлээ хэмээн хүчтэй шүүмжилж эхэлсэн юм. Цахим орчинд иргэд дараах сэтгэгдлүүдийг үлдээжээ:

  • “Тэр яг л хүмүүсийг хэрэглэж байгаа утсаар нь дүгнэдэг төрлийн хүн шиг сонсогдож байна,”
  • “Тэр Galaxy брэндийн утсыг хэрэглэдэг хүмүүсийг дорд үзээд байгаа юм шиг санагдчихлаа,”
  • “Хэдийгээр ямар утасны брэнд ашиглах нь хувь хүний өөрийнх нь сонголт ч гэсэн тэр санаагаа үнэхээр бүдүүлгээр илэрхийлчихлээ.”

Нөгөө талдаа, зарим шүүмжлэгчид олны танил хүмүүс хувийн үзэл бодлоо илэрхийлэхдээ сонор сэрэмжтэй байх ёстойг сануулж байна. Гэсэн хэдий ч түүнийг өмөөрөх хэрэглэгчид ч байгаа бөгөөд тэд Жи А-г зүгээр л өөрийнхөө бодол, сонголтыг чөлөөтэй илэрхийлсэн хэмээн үзэж байгаа юм.

Одоогоор 760,000 захиалагчтай Freezia-гийн хувьд энэ нь анхны дуулиан биш билээ. Тэрээр өмнө нь хуурамч брэндийн бүтээгдэхүүн хэрэглэж байсан нь ил болж, үзэгчдээсээ албан ёсоор уучлал гуйж байсан түүхтэй. Энэ удаагийн утасны брэндтэй холбоотой мэдэгдэл нь түүний өөгүй тансаг дүр төрхөд хэрхэн нөлөөлөх нь олны анхаарлыг татаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй