Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн сонор сэрэмжийг ашиглан бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн хэрэг гарлаа. Энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад нэгэн иргэнээс “судалгаа авна” гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч, гар утсыг нь булаан зугтсан тухай дуудлага иржээ.
Хэргийн нөхцөл байдлыг тодруулбал, тус дүүрэгт оршин суудаг тусгай хэрэгцээт 45 настай эрэгтэй “Ү”-г гэртээ ганцаараа байхад нь 22-25 орчим насны, амны хаалт зүүсэн эмэгтэй хаалгыг нь тогшсон байна. Хохирогчийг хаалгаа нээх үед сэжигтэн этгээд өвөр дээр нь байсан гар утсыг нь шууд шүүрэн авч, зугтсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.
Цагдаагийн алба хаагчид уг хэргийг иргэн “М” гэгч үйлдсэн болохыг олж тогтоосон бөгөөд одоогоор түүнийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.
Энэхүү хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:
- Гэртээ ганцаараа байгаа тохиолдолд танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байх.
- “Судалгаа авч байна”, “Ус, цахилгааны шалгалт” гэх мэт шалтгаанаар ирсэн хүмүүсийн албаны үнэмлэхийг заавал шалгах.
- Бага насны хүүхэд болон өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдэд танихгүй хүнээс болгоомжлох талаар тогтмол сануулж, зааварлах.