Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Кванхуамун талбайд 3 дугаар сарын 21-ний өдөр BTS хамтлагийн тоглолт болсонтой холбогдуулан нэгэн хуримын зочдыг тээвэрлэхэд цагдаагийн газар туслалцаа үзүүлжээ.
Yna.co.kr сайтад мэдээлснээр, хууль сахиулагчид тухайн өдрийн 15:00-16:00 цагийн хооронд хотын төв хэсэгт хуримын зочдыг тээвэрлэхэд зориулж цагдаагийн автобуснуудыг ашиглахаар шийдвэрлэсэн байна.
Тоглолтын зохион байгуулалтаас болж хурим нь саатахад хүрсэн шинэ хосууд Сөүл хотын захиргаанд хандаж тусламж хүсчээ. Учир нь талбайн ойролцоох метроны зогсоолуудад галт тэрэг зогсохгүй байх, хотын автобусны чиглэлүүд өөрчлөгдөх зэргээс шалтгаалан зочид нь хуримын ордон руу 1 км орчим газар явган алхах шаардлагатай болоод байсан аж. Ингээд сүйт залуу, сүйт бүсгүй хоёр цагдаагийн тусламжийг авахаар зөвшөөрсөн байна.
BTS хамтлаг 3 дугаар сарын 21-нд Сөүл хотын Кванхуамун талбайд “BTS The Comeback Live: Arirang” нэртэй тоглолтоо хийсэн юм. Энэхүү тоглолт нь тэдний бараг дөрвөн жилийн дараа гаргаж буй “Arirang” нэртэй студийн шинэ цомогт зориулагдсан бөгөөд талбайд 30,000 гаруй үзэгч цугларсан байна.