Илон Маскын SpaceX компани 2027 оны дунд үе гэхэд шинэ үеийн Starship пуужингаа ашиглан Starlink-ийн сайжруулсан интернэт хиймэл дагуулуудыг тойрог замд гаргахаар бэлтгэж байна.
Financial Times хэвлэлийн мэдээлснээр, энэ тухай тус компанийн Starlink хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Майкл Николлс мэдэгджээ. SpaceX одоогийн байдлаар Starship-ийн 11 удаагийн туршилтын нислэгийг хийгээд байгаа бөгөөд компанийн ерөнхийлөгч Гвинн Шотвеллийн хэлснээр ирэх 4-6 долоо хоногийн дотор 12 дахь туршилтаа хийхээр төлөвлөж байна. Хамгийн сүүлчийн нислэг өнгөрсөн аравдугаар сард амжилттай болж, нэг цаг гаруй үргэлжилсэн юм.
Starship нь бүрэн дахин ашиглагдах боломжтой бөгөөд тойрог замд 250 тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Энэ нь одоо ашиглагдаж буй Falcon пуужингуудтай харьцуулахад зардлын хувьд хамаагүй хямд тусах төлөвтэй байна.
Шинэ пуужин нь Илон Маскын НАСА-тай хамтран ажиллах, хүмүүсийг Сар болон Ангараг гарагт хүргэх төлөвлөгөөнд гол үүрэг гүйцэтгэх юм. SpaceX аль гараг руу эхэлж очихыг хүсэж байгаа тухай асуултад Шотвелл хоёр зорилго хоёулаа чухал болохыг онцолсон байна.
“Сүүлийн үед Илон Сарны талаар их ярих болсон ч түүний жинхэнэ хүсэл тэмүүлэл бол Ангараг юм. Тиймээс эдгээрийг нэгэн зэрэг хэрэгжүүлэх тэргүүлэх зорилтууд гэж нэрлэе” хэмээн тэрээр Барселон хотод болсон “Mobile World Congress” үзэсгэлэнгийн үеэр хэлжээ.
Starship-ийн арилжааны дебют нислэгийг SpaceX-ийн хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна. Учир нь энэ онд тус компани IPO (хувьцаагаа олон нийтэд нээлттэй болгох) гаргахаар хүлээгдэж байгаа бөгөөд компанийн үнэлгээ 1.5 их наяд ам.долларт хүрч магадгүй юм.