“Spider-Man: Brand New Day” трейлер шинэ дээд амжилт тогтоов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Spider-Man Brand New Day

“Sony Pictures Entertainment”-ийн шинэ бүтээл “Spider-Man: Brand New Day” киноны албан ёсны трейлер богино хугацаанд дэлхийн хэмжээнд урьд өмнө байгаагүй өндөр үзэлт авч, кино салбарын шинэ рекордыг тогтоолоо. Трейлер цацагдсанаас хойш дөрөвхөн хоногийн дотор 1 тэрбум давсан үзэлттэй болж, нийт 1.1 тэрбум хандалт авсан нь “WaveMetrix” платформын мэдээллээр баталгаажсан байна.

Анхны 24 цагт 718.6 сая үзэлт цуглуулсан нь зөвхөн кино төдийгүй видео тоглоомын трейлерүүдийн дунд ч хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүнчлэн эхний 8 цагийн дотор 373 сая үзэлтэд хүрсэн нь богино хугацаанд хурдацтай тархсан үзүүлэлтүүдийн нэг гэж судлаачид онцолж байна.

Өмнөх дээд амжилтуудыг дараах байдлаар давжээ:

  • “Deadpool & Wolverine” – 24 цагт 365 сая үзэлт
  • “Grand Theft Auto VI” – 475 сая үзэлт
  • “Spider-Man: No Way Home” – 24 цагт 355.5 сая үзэлт

Шинэ бүтээлд Том Холланд дахин Хүн-аалзын дүрийг бүтээж байгаа бөгөөд энэ нь “No Way Home”-оос хойшхи түүний эргэн ирэлт болж байна. Кинонд Зендаяа, Сэди Синк, Жейкоб Баталон, Жон Бернтал, Трамелл Тиллман, Майкл Мандо, Марк Руффало нар хамтран тоглож, найруулагчаар Дестин Дэниел Креттон ажилласан байна.

“Spider-Man: Brand New Day” кино 2026 оны долдугаар сарын 31-нээс дэлхийн кино театруудад нээлтээ хийхээр товлогдсон бөгөөд өмнөх анги “Spider-Man: No Way Home” нь 1.9 тэрбум ам.долларын орлого олж байсан амжилтыг үргэлжлүүлэх хүлээлттэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй