Table of Contents
Netflix-ийн дуулиант “Squid Game” цувралын 3-р бүлэг албан ёсоор нээлтээ хийснээр найруулагч Хван Дон Хюк зургаан жилийн турш үргэлжилсэн бүтээлээ өндөрлөх болсноо мэдэгдлээ. Тэрээр 6-р сарын 30-нд Сөүл хотод өгсөн ярилцлагадаа “Би тайвширч байна. Сүүлийн зургаан жилийг зөвхөн “Squid Game”-д зориуллаа. Одоо зүгээр л амармаар байна” хэмээн сэтгэлээ хуваалцсан юм.
Netflix-ийн түүхэн амжилт
“Squid Game” анх 2021 онд гарсан даруйдаа дэлхий даяар шуугиан тарьж, Netflix-ийн түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй бүтээл болж байв. Амжилтын үр дүнд тус цуврал Эмми шагнал хүртсэн төдийгүй, уран сайхны үнэ цэнэ, нийгмийн мессежээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.
1-р бүлэг гарсныхаа дараа Хван найруулагч үргэлжлэл хийгдэхгүй гэж мэдэгдэж байсан ч Netflix-ийн санал, үзэгчдийн хүлээлтийн улмаас тэрээр 2 болон 3-р бүлгийг бүтээжээ. Сүүлийн хоёр бүлгийн зураг авалтад жил орчмын хугацаа зарцуулсан бөгөөд 2-р бүлэг өнгөрсөн оны 12-р сард, 3-р бүлэг энэ 6-р сарын 27-нд нээлтээ хийсэн.
“Squid Game 3” олон улсад трэнд болов
FlixPatrol сайтын мэдээлснээр 3-р бүлэг нь 93 оронд Netflix-ийн шилдэг үзэлттэй бүтээлээр шалгарсан байна. Гэсэн хэдий ч шүүмжлэгчид болон үзэгчдийн дунд цувралын агуулгын талаар санал зөрөлдөөнтэй хэвээр байна. Хван ч энэ талаар тайлбар өгөхдөө:
“1-р улирал нь хүлээлт багатай, шинэлэг байсан. Харин 2, 3-р улиралд үзэгчид олон зүйлийг хүссэн. Хэн нэг нь нийгмийн мессеж, нөгөө нь зугаатай тоглоом, зарим нь дуртай дүрийнхээ хөгжлийг хүлээж байсан байх” гэжээ.
Ги Хуны үхэл — төлөвлөсөн төгсгөл
Хван Ги Хуны дүрийн төгсгөлийг анх өөрөөр төсөөлж байсан ч дэлхий дахинд өрнөж буй нийгмийн сорилт, шударга бус байдлыг харснаар үзэл бодлоо өөрчилсөн гэж ярив.
“Би ирээдүйг бэлгэдсэн хүүхдийн дүрийг танилцуулж, Ги Хуныг түүнд зориулж өөрийгөө золиослохыг хүссэн. Энэ л миний хүргэхийг хүссэн мессеж байсан” хэмээн онцолсон юм.
Жүжигчдийн хичээл зүтгэл, сахилга бат
Ги Хуны дүрийг бүтээсэн И Жүн Жэгийн хувьд 2, 3-р бүлгийн туршид хоолны хатуу дэглэм барьж, дүрдээ гүнзгий орсон тухай найруулагч дурссан.
“1-р бүлэгт бид хамтдаа хооллодог байсан бол дараагийн улирлуудад тэр зөвхөн чанасан ногоо идэж байсан. Үнэхээр дүрдээ орсон” гэжээ.
Алдартай жүжигчдийн сонголт, T.O.P-ийн сэтгэл хөдлөл
Цувралын 2, 3-р бүлэгт оролцсон алдартнуудын тухайд Хван тэднийг алдартай гэдгээр нь бус, дүрд тохирсон учраас сонгосон гэв.
Мөн T.O.P буюу Choi Seung Hyun-ийн хувьд олон нийтээс хол байсан тул сэтгэл хөдөлсөн, чичирч байсан тухай дурдсан.
“Тэр ‘Танос’-ын дүрийг яг миний төсөөлж байсан шиг бүтээсэн. Тиймээс би түүнд дүр өгсөн, аврахын тулд биш” гэж тайлбарлав.
Front Man ба төгсгөлийн симболик утга
Front Man-ын дүрийг Ги Хунтай харьцуулахад сөрөг дүрээр төлөөлүүлсэн ч эцсийн мөчид түүнийг хүндэлж, ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байдлаар бичсэн байна.
“Ги Хуныг шалгалтад тэнцээсэй гэж хүссэн байх. Тиймээс талбайг дэлбэлсэн нь түүнийг хүлээн зөвшөөрсөн хэрэг” гэж найруулагч үздэг.
Сүүлчийн дурсамж — Ги Хуны уналт
Зургаан жилийн аяллын хамгийн мартагдашгүй мөч нь Ги Хуны уналтын зураг авалт байсан гэдгийг найруулагч онцолсон.
“Тэр мөч жүжигчний хувьд дүрийн оргил байсан. Тэр өдөр бид анх удаа оройн хоол идэж, хамтдаа уусан” гэж дурсан ярьжээ.
Үргэлжлэл үү? — “Ги Хуны үхэл бол цэг”
Сүүлийн асуултад “Ги Хуны үхэл нь дахин улирал гарахгүй гэсэн дохио” хэмээн инээмсэглэн хариулсан Хван “Squid Game”-ийн аялалдаа ийнхүү цэг тавьжээ.