Starbucks-ын баавгай аяганы эрэлт АНУ-д “дэгдэлт” үүсгэжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Starbucks

Starbucks энэ арваннэгдүгээр сарын 6-нд өвлийн баярын цэс болон шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахад нэгэн зүйл олон нийтийг “догдлуулав”. Тэр нь зүгээр нэг аяга бус, ногоон өнгийн жижиг малгайтай баавгай хэлбэрт 600 мл шилэн аяга байлаа. Уг бүтээгдэхүүн худалдаанд гарсан даруйдаа улс даяар урт дараалал үүсгэж, үйлчлүүлэгчид кафены үүдэнд өглөөний өмнөөс цуварч эхэлжээ.

Баярын багцад уламжлалт Peppermint Mocha, Caramel Brulee Latte зэрэг улирлын ундаанууд багтсан ч баавгай аяганы эрэлт бусад барааг бүрэн дарав. Аяганы үнэ 29.95 ам.доллар бөгөөд компанийн Instagram хуудсанд тавигдсан нэгэн богино бичлэгтэй зэрэгцэн олны анхаарлыг хүчтэй татсан байна.

Сошиал орчинд ноёрхож буй уг аяганы шуугиан дараах байдлаар өрнөв.
Хэрэглэгчид:

  • “Зүссэн талх гарснаас хойших хамгийн шилдэг бүтээл”
  • “Амьдралдаа харсан хамгийн өхөөрдөм аяга”
  • “Энийг авахын төлөө би тэмцэнэ!” гэх мэт сэтгэгдэл үлдээжээ.
cup

Нэгэн хэрэглэгч “Би кофе уудаггүй ч энэ аяганы төлөө уусан ч болно” гэж бичихэд Starbucks “Сайн мэдээтэй! Аяга авахын тулд кофе авах шаардлагагүй” хэмээн хариулсан нь олон хүнийг хөгжөөсөн.

Эрэлт огцом нэмэгдсэнээс болж олон хотод бараа хэдхэн цагийн дотор дуусч, Вашингтон болон Нью-Йоркийн салбаруудад өглөөний 08:00 гэхэд бүх аяга зарагдсан байв. Зарим газарт хүмүүс 04:50-аас дугаарлаж эхэлсэн тухай хэрэглэгчид хуваалцжээ.

Бүр цаашлаад аяганы төлөө маргалдаж, бие биедээ гар хүрсэн гэх бичлэг TikTok-д тархсан бөгөөд нэгэн газарт аяганы ногоон малгай газарт унасан нь “тулааны дурсгал” мэт харагдсан байна. Харин өөр нэг салбарт аяга авч чадаагүй үйлчлүүлэгч ажилтанд уурлаж, чангаар хашхирч буй бичлэг хүртэл гарчээ.

Ингэж ховор бараа мэт хувирсан баавгайн аягыг авсан зарим нэгэн нь 250–800 ам.долларын үнээр дахин зарж, жинхэнэ “сэргээлтийн зах” үүсгээд байна.

Starbucks компанийн төлөөлөгч энэ нөхцөл байдлын талаар “Ийм өндөр эрэлт бий болно гэж бид төсөөлөөгүй. Бид бүтээгдэхүүнээ аль болох олон салбарт нийлүүлж байгаа ч нүд ирмэхийн зуур дуусч байна. Сэтгэл дутуу үлдсэн үйлчлүүлэгчдээсээ уучлал хүсэж байна” гэж мэдэгджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй