Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэрт 3600 га талбай өртжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Сүхбаатар аймагт гарсан

Монгол орны хэмжээнд хуурайшилт ихсэж байгаатай холбоотойгоор ойн болон хээрийн гал түймрийн дуудлага нэмэгдэж байна. Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр, өнгөрсөн хоногийн хугацаанд дөрвөн аймгийн таван өөр суманд гал гарч, урьдчилсан байдлаар 4000 орчим га талбай түймэрт өртөөд байгаа аж.

Одоогийн байдлаар алба хаагчид дараах гурван түймрийг бүрэн унтраагаад байна:

  • Сэлэнгэ аймаг: Хүдэр сумын Тарвагатай багт гуравдугаар сарын 23-нд гарсан түймрийг маргааш нь бүрэн унтраасан бөгөөд 6 га ой шатжээ.
  • Ховд аймаг: Дөргөн суманд гарсан галыг ОБГ болон Байгаль орчны газрын 30 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраав.
  • Сүхбаатар аймаг: Түмэнцогт суманд гарсан түймрийг унтраахаар ОБГ-ын аврагчид, Мөнххаан сумын мэргэжлийн анги, “Хунт өгөөж” уурхайн ажилтнууд зэрэг нийт 63 хүн, 13 автомашинтай ажилласан байна. Уг түймэрт 300 га хээр өртжээ.

Нөхцөл байдал хүнд байгаа хоёр бүсэд унтраах ажиллагаа үргэлжилж, одоогоор цурамд оруулаад байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Түнэл суманд 9 га ой шатсан бөгөөд Их-Уул сумын иргэд, ОБГ-ын 58 хүн хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм.

Хамгийн их хохирол дагуулсан түймэр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гараад байна. Гуравдугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн тус түймэрт урьдчилсан байдлаар 3600 га талбай шатсан бөгөөд ОБГ-ын 47 дугаар анги болон орон нутгийн нийт 70 хүн, 24 автомашинтайгаа галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй