“Сурагчдын Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн-2025” Улаанбаатарт үргэлжилж байна

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
Сурагчдын азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн-2025

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Сурагчдын Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн-2025” амжилттай үргэлжилж байна. Энэ тэмцээн 2025 оны 10 дугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд Азийн 16 орны 677 өсвөрийн шатарчид стандарт, рапид, блиц төрлөөр нийт 432 медалийн төлөө өрсөлдөж байна.

Азийн оюун ухааны тэмцээний онцлог

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй тус тэмцээн нь шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, Азийн орнуудын сурагчдын нөхөрлөлийг бэхжүүлэх, ирээдүйн шилдэг тамирчдыг тодруулах зорилготой юм. Тэмцээнд амжилт гаргасан оролцогчид FIDE-ийн цолны болзол хангах боломжтой бөгөөд Фиде мастер болон Фиде дэд мастер зэрэг олон улсын зэрэг цол авах эрхтэй болно.

Монгол шатарчдын амжилт

Монголын залуу шатарчид тэмцээнд амжилттай оролцож, анхны алтан медалиа хүртлээ. Олон улсын мастер С.Чингүүн стандарт төрөлд, харин Их мастер С.Билгүүн блиц төрөлд түрүүлж, Монголын нэрийг Азид мандуулсан байна.

Рапид төрлийн урьдчилсан дүн дараах байдлаар гарчээ:

  • Бүгд Найрамдах Казахстан Улс: 4 алт, 4 мөнгө
  • Монгол Улс: 4 алт, 3 мөнгө, 7 хүрэл
  • Оросын Холбооны Улс: 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл

Шүүгчийн сургалт зохион байгуулж байна

Тэмцээний хүрээнд Монголын Шатрын Холбоо болон Азийн Шатрын Холбоо хамтран ФИДЕ шүүгчийн норм олгох семинар зохион байгуулж байна. Сургалтыг ФИДЕ-ийн А категорийн олон улсын шүүгч Мердад Пахлеванзаде, олон улсын шүүгч Г.Алтан-Оч нар удирдаж байгаа бөгөөд оролцогчид 11 дүгээр сарын 1-нд шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд ФИДЕ шүүгч (FA) цолны нэг норм авах боломжтой юм.

Энэхүү тэмцээн нь Монголын шатрын спортын хөгжилд томоохон түлхэц өгч, олон улсын түвшинд шинэ үеийн залуу шатарчдыг бэлтгэх чухал үйл явдал болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Эчучэ 30 октября, 2025 - 17:28

Манай хүүхдүүдийн амжилтаар бахархаж байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй