Сураггүй хүмүүсийг олж байсан “Марта” нохой Баянговь суманд шинэ амьдралаа эхлүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Март

Баянхонгор аймгийн Баянговь сумын эрэн хайх, аврах бүлгийн шинэ даргаар ахлах дэслэгч Л.Бат-Эрдэнэ томилогдож, хамтдаа олон хүний амийг аварч байсан эрэлч нохой “Марта”-тайгаа нийслэлээс шилжин очжээ.

Л.Бат-Эрдэнэ 2021 оноос хойш Онцгой байдлын албанд ажиллаж, эрэлч нохдын сургалт, бэлтгэлийн чиглэлээр мэргэшсэн нэгэн юм. Түүний гарын доорх “Марта” нохой нь сураггүй болсон 25 хүнийг амжилттай олж, амь насыг нь аварсан гавьяатай. Мөн Турк улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах авран хамгаалах ажиллагаанд оролцож, олон улсын түвшинд ч шилдэг эрэлч нохой гэдгээ баталсан байдаг.

Ахлах дэслэгч Л.Бат-Эрдэнийн эхнэр А.Номундалай Баянговь суманд нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байна. Залуу гэр бүл өмнө нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг байсан ч, хоёр хүүхдээ “цэвэр агаар, эрүүл орчинд өсгөхийн тулд” төрөлх нутагтаа шилжин иржээ. Тэдний хэлснээр “орон нутагт утаа, түгжрэл байхгүй, сэтгэл тайван, амьдрал илүү энгийн” гэжээ.

Л.Бат-Эрдэнэ нь айлын ганц хүү бөгөөд одоо нэг сар гаруй хугацаанд шинэ ажлын байрандаа үүрэг гүйцэтгэж байна. Тэрээр “Марта”-тайгаа хамт Баянговь сумын эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагааг удирдан ажиллаж байгаа бөгөөд тус бүлэг 2020 онд байгуулагдаж, сүүлийн таван жилийн хугацаанд орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй