Table of Contents
Зуны амралт эхэлж, хүүхдүүдийн ихэнх нь гэртээ, дэлгэцийн өмнө цагийг өнгөрөөх хандлага нэмэгдэж байна. Гар утас, таблет, зурагт зэргийн хэрэглээ хэтэрснээр хүүхдийн сэтгэлзүй, зан байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бий. Иймээс энэ удаагийн зөвлөгөөнд цахим хэрэглээг хязгаарлах үр дүнтэй аргуудыг танилцуулж байна.
1. Эцэг эх нь өөрсдөө үлгэр жишээ байх нь эхний алхам
Эцэг эхчүүд ажил тараад гэртээ орж ирээд утсаа ухаад суудаг бол хүүхэд ч мөн адил даган дуурайдаг. Амьд харилцаа үгүй болсон гэр бүлийн орчинд хүүхэд өөрөө өөрийгөө цахим орчноор “тэжээдэг”. Иймд та өөрөө цахим хэрэглээгээ хянаж, хүүхдэдээ цаг гаргаж, өдөрт хийсэн зүйлсийнх нь тухай ярилцах хэрэгтэй.
2. Чөлөөтэй байлаа гээд дэлгэцийн өмнө суулгах хэрэггүй
Хүүхэд завтай байлаа гээд “за, тоглож бай” гээд зурагт, утасны өмнө орхих нь зөв шийдэл биш. Үүний оронд дараах төрлийн идэвхтэй үйл ажиллагаанд хамруулж болно:
- Зураг зурах
- Гар урлал (нэхмэл, эвлүүлдэг тоглоом гэх мэт)
- Ном унших
- Насанд тохирсон гэрийн ажил хийлгэх
- Хоол хийхэд оролцуулах
3. Утас, таблетыг ил тавихгүй байх нь чухал
Хүүхэд нүдэнд ил, гарт ойр байгаа утсыг автоматаар шүүрч авдаг. Тиймээс эдгээр төхөөрөмжийг нууц газар хадгалах, зөвхөн тодорхой цагт хэрэглүүлэх дадлыг хэвшүүлээрэй.
4. Харилцааг интернетээр биш, гэр бүл дотроо бий болго
Сүүлийн үед хүүхдүүд ямар ч асуултыг эцэг эхээсээ бус, шууд интернэтээс хайж олдог болсон. Энэ нь гэр бүлийн харилцааг улам бүр сулруулж байгаа тул “түрүүлж аав ээжээсээ асуу” гэх дадал зуршлыг бий болгоорой.
5. Гадаа тоглохыг уриалж, хөдөлгөөнөөр дэмж
Гадаа тоглож, найзуудтайгаа харилцах нь хүүхдийн нийгэмших чадвар, биеийн хөдөлгөөнийг давхар хөгжүүлнэ. Гэхдээ хүүхдээ хэт сул орхилгүй, хараа хяналттай байх нь зайлшгүй чухал.
6. Цахим хэрэглээг удирдах сахилга бат гэр бүлд байх ёстой
Хүүхдэдээ утас хэрэглэх тодорхой цаг гаргаж өгөх, үлдсэн цагийг өөр зүйлд зориулах сахилга баттай байх нь дэлгэцийн хамаарлаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Цагийн зөв менежмент, төлөвлөгөөтэй өдөр тутмын амьдрал нь бүх гэр бүлийн гишүүдийн ачааллыг багасгаж, уур амьсгалыг эерэг болгоно.
Технологи бол дэвшил. Гэхдээ энэ нь хүүхдээ ухаалаг ашиглахад нь зөв чиглүүлж, цагийн хэмнэлд оруулах чадвараар дамжиж л үнэтэй тусах болно.
