Тайландад 30 жил үзэгдээгүй зэрлэг муурыг олж илрүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
муур

Тайландад ойролцоогоор 30 жилийн өмнө устаж үгүйсэнд тооцогдож байсан ховор төрлийн хавтгай толгойт зэрлэг муур дахин олджээ. Уг амьтан автомат камер буюу фото хавхны дуранд өртсөн байна. Medee.news-ийн мэдээлснээр, энэ тухай Live Science хэвлэл бичжээ.

Гүнж Сириндхорны нэрэмжит байгалийн нөөц газарт байрлуулсан фото хавхнууд хэд хэдэн муурны зургийг авсны дотор зулзагатайгаа яваа эмэгчин муур багтжээ. Энэ нь уг ховор амьтан Тайландын өмнөд хэсэгт оршин тогтноод зогсохгүй, тухайн бүс нутагтаа үржиж байгааг гэрчилж байна.

Одоогийн байдлаар хавтгай толгойт зэрлэг муур буюу Prionailurus planiceps нь Бруней, Индонез болон Малайзын зарим хэсэгт тархан амьдардаг боловч Тайландад уг зүйлийг 1995 оноос хойш «магадгүй устаж үгүй болсон» ангилалд оруулаад байсан юм.

Тайландад 30 жил үзэгдээгүй зэрлэг муурыг олж илрүүллээ

Энэхүү амьтан нь Зүүн Өмнөд Азийн хамгийн бага судлагдсан махчин амьтдын нэг бөгөөд маш жижиг биетэй буюу ердөө 2 кг орчим жинтэй байдаг нь гэрийн муурнаас ч бага үзүүлэлт юм. Түүнчлэн богино их бие, нарийн хөлтэй бөгөөд хавтгай духтай учир ийм нэр авчээ.

Тэд загас, мэлхий болон бусад усны амьтдаар хооллодог. Савар нь усанд сэлэхэд зориулагдсан мембран буюу холбоос арьстай тул намгархаг газарт чөлөөтэй шилжин суурьшиж, ан хийх чадвартай байдаг. Хүнд бараг харагддаггүй энэхүү муурны дэлхий дээрх нийт тоо толгой нь тодорхойгүй хэвээр байна.

Тайландад 30 жил үзэгдээгүй зэрлэг муурыг олж илрүүллээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй