Олон улсын сагсан бөмбөгийн холбооны (FIBA) эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “В” дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд энэ долоо хоногт Монгол Улсад зохион байгуулагдана. Энэхүү хариуцлагатай тэмцээн дөрөвдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд “М Банк Арена”-д болох бөгөөд Хонконг, Тайвань болон Монголын эмэгтэй шигшээ багууд оролцоно.
Тус гурван багаас зөвхөн нэг нь дараагийн шатны шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох тул Улаанбаатарт болох тоглолтууд өндөр ач холбогдолтой. Монголын шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд хэрэв хоёр хожил авбал дараагийн шатанд шалгарах боломжтой.
Тоглолтын хуваарь:
- 04/11 – 19:00: Тайвань vs Хонконг
- 04/12 – 15:00: Хонконг vs Монгол
- 04/13 – 15:00: Монгол vs Тайвань
Хэрэв манай эмэгтэй шигшээ баг Хонконг болон Тайванийн багийг хожвол дараагийн шатанд өрсөлдөх бүрэн боломжтой. Иймд “М Банк Арена”-д болох тоглолтуудыг дэмжиж, багтаа урам зориг өгөх нь чухал хэмээн спортын хүрээнийхэн онцолж байна.