Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй Ө.Өгөөмөр өөрийн Instagram хуудсаар дамжуулан нийтэлсэн зургууд цахим орчинд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг үүсгээд байна.
Тэрбээр Булган аймгийн Хялганат тосгонд байрлах “Seven Nuga Resort” амралтын газарт нисдэг тэргээр очиж, салют буудуулан гэрлэх санал хүлээн авч буй бичлэгээ олон нийттэй хуваалцсан юм. Уг бичлэг, зураг нь сошиал сүлжээгээр хурдан тархаж, Ерөнхий сайдын хүү тансаг арга хэмжээ зохион байгуулсан гэх шүүмжлэлийг дагуулжээ.
Цахим орчинд тарсан мэдээллээр, О.Тэмүүлэн найз бүсгүйдээ гэрлэх санал тавихын тулд Улаанбаатар хотоос 400 гаруй километрийн зайд орших амралтын газар руу нисдэг тэрэг хөлслөн ниссэн гэж олон нийт бичиж байна.
Энэхүү үйл явдлын хүрээнд Улаанбаатараас Хялганат тосгон руу нисдэг тэрэг түрээслэх зардлыг тодруулж үзэхэд, уг чиглэлд нэг талдаа дунджаар 1.5 цагийн нислэг хийгддэг ба нийт 3 цагийн нислэгт 9,000 ам.долларын зардал гарах тооцоололтой байна. Энэ нь 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны ханшаар тооцвол 33.1 сая төгрөг болж байна.
Нисдэг тэрэг түрээслэх үйлчилгээ нь тухайн агаарын хөлгийн багтаамжаас хамаарч, цагийн тарифаар үнэлэгддэг бөгөөд 2-6 хүний суудалтай нисдэг тэрэгний нэг цагийн түрээсийн үнэ дунджаар 3,000 ам.доллар орчим байдаг аж.
Үүнээс гадна, “Seven Nuga Resort” амралтын газрын нэг өдрийн байрны түрээс 900,000-аас 1,800,000 төгрөгийн хооронд хэлбэлздэг бөгөөд энэ нь тухайн амралтын байрлал, байшингийн төрөл, үйлчилгээнээс хамаардаг байна.
Олон нийтийн сүлжээнд энэ үйл явдалтай холбоотой санал бодол, шүүмжлэл олноор гарсаар байгаа бөгөөд төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн гишүүдийн хэрэглээ, олон нийтийн итгэл хүлээх ёстой ёс зүйн хэм хэмжээнд нийцэж байгаа эсэх талаар хэлэлцүүлэг өрнөж буй юм.
2 comments
Иймэрхүү үйл явдлууд үргэлж маргаан үүсгэдэг, гэхдээ залуучуудад аз жаргал байдаг
Жирийн хүмүүст энэ нь бодит амьдралаас биш киноноос гарсан зүйл мэт харагддаг