Монгол Улсад тархи, нуруу нугас, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ анх 1966 онд Улсын гуравдугаар төв эмнэлэгт нэвтэрснээр эхэлсэн бөгөөд өнөөдөр тус эмнэлэг нь уг чиглэлийн мэс заслын голлох төв болоод байна. Тархины мэс заслын 90 гаруй хувь, нуруу нугасны мэс заслын 50 орчим хувийг энэ эмнэлэг дангаараа гүйцэтгэдэг бөгөөд мэргэшсэн эмч, сувилагч, мэргэжилтнүүд нас, хүйс, харьяалал үл харгалзан иргэдэд үйлчилж байна.
Сүүлийн жилүүдэд тархи, нугасны гүний төвөгтэй байрлалтай хавдрын эмчилгээ Монголд бүрэн нутагшаагүй, иргэд гадаадын өндөр өртөгтэй эмчилгээнд хандахаас өөр аргагүйд хүрдэг байсан нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг байсаар ирсэн. Харин энэ нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх зорилгоор Эрүүл мэндийн сайдын санаачлага, дэмжлэгийн хүрээнд 2024 оноос эхлэн мэс засал эмчилгээний дэвшилт технологийг нэвтрүүлэх, эмч, мэргэжилтнийг багийн зохион байгуулалттайгаар гадаадад сургаж чадавхжуулах, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлууд эрчимтэй хэрэгжиж эхэлсэн юм.
Тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч, сувилагчдаас бүрдсэн баг Бүгд Найрамдах Турк Улсын КОЧ их сургуулийн эмнэлэг болон Американ эмнэлгүүдэд хоёр сарын дадлага сургалтад хамрагдаж, 2025 оны 5-р сарын 31-ний байдлаар тархины гүний байрлалтай 18 хавдрын мэс заслыг амжилттай гүйцэтгээд байна. Үүнд тархины ховдлын хавдар 5, таламус болон суурийн зангилааны хавдар 7, өнчин тархины хавдар 6 тохиолдол багтаж байгаа бөгөөд эдгээр нь өндөр эрсдэл бүхий, нарийн ажиллагаа шаардсан хүнд хэлбэрийн мэс засалд тооцогддог.
Эдгээр мэс заслын онцлог нь тархины дуран буюу эндоскопийн хандалтыг нейронавигацийн хяналттайгаар ашиглаж, оношилгоо болон эмчилгээний нарийвчлал, үр дүнг мэдэгдэхүйц ахиулсан явдал юм. Энэ технологи нь тархины гадаргууг ил гаргах шаардлагыг багасгаж, эрүүл эдэд учрах хүндрэлийн эрсдлийг бууруулахын зэрэгцээ хавдрын байрлал, хязгаар, ойролцоох чухал бүтэцтэй холбоо зэргийг өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох боломжийг бий болгож өгч байна. Үүний үр дүнд мэс заслын явц дахь болон дараах хүндрэлүүд, тухайлбал цус алдалт, халдвар, мэдрэлийн гэмтэл зэрэг эрсдэлүүдийг бууруулж, мэс заслын үргэлжлэх хугацааг хэмнэх боломжтой болжээ.
Тархины гүний бүтцэд хүрэх нь эмч мэргэжилтнүүдийн хувьд ур чадвар, өндөр хариуцлага шаардсан нарийн ажиллагаа бөгөөд ийнхүү орчин үеийн дэвшилт технологийг эмчилгээний практикт амжилттай нэвтрүүлж, өндөр үр дүнд хүрсэн нь Монгол Улсад мэдрэлийн мэс заслын шинэ түвшний хөгжил эхэлж буйн тод илрэл юм.
Цаашид тус эмнэлгийн баг ийм төрлийн хүнд хэлбэрийн хавдрын мэс заслын чиглэлээр судалгаа хөгжүүлэлтээ улам гүнзгийрүүлж, аюулгүй, үр дүнтэй хандалтыг нэвтрүүлэх, иргэдийг гадаадын эмнэлгийн тусламж, өндөр зардлаас ангид байлгах зорилгоор тууштай ажиллахаар төлөвлөж байна.