“Таван хүн угаартаж нас барсан” гэх мэдээллийг няцаалаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Угаарын хий: Таван хүн нас барсан гэх мэдээлэл ташаа

Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ) болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар өнөөдөр угаарын хийн нөхцөл байдал, галлагааны аюулгүй байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ сарын байдлаар нийслэлд нийт 49 өрхөөс угаарын хийтэй холбоотой дуудлага ирж, 152 иргэн өртжээ. Үүнд:

  • Яндангаа хөөлөөгүй – 2 өрх
  • Зуухны битүүмж муудсан – 7 өрх
  • Яндангаа салгаж, өрхөө бүтээсэн – 35 өрх
  • Зуух, яндангийн гэмтэлтэй – 3 өрх
  • Угаарын хий мэдрэгчгүй – 38 өрх

НАOБТГ-ын дарга Б.Мөнхбаатарын хэлснээр, “Сонгинохайрхан дүүрэгт таван иргэн угаартаж нас барсан” гэх мэдээлэл ташаа аж. Тэрбээр, “Сонгинохайрхан, Налайх дүүрэгт гурван иргэн угаартаж нас барсан нь үнэн. Харин хоёр иргэн гал түймрийн улмаас амь насаа алдсан” хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрээр угаарын хий мэдрэгчийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 45 мянган төхөөрөмжийг айл өрхөд суурилуулснаар нийслэлийн бүх өрхийг бүрэн хамруулах боломжтой гэж онцолсон.

Гал түймрийн нөхцөл байдал

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар мэдээлэхдээ:
“2025 он гарснаас хойш нийслэлд нийт 1942 объектын гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Энэ хугацаанд онцгойгийн алба хаагчид 260 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийг хамгаалж, угаартаж болзошгүй 2800 гаруй иргэнийг аварсан. Харин гал түймрийн улмаас 18 хүн түлэгдэж, 19 иргэн амь насаа алдсан” гэв.

Эрх бүхий байгууллагууд иргэдийн галлагааны аюулгүй байдлыг шалгах, яндан, зуухны бүрэн бүтэн байдалд анхаарах, угаарын хий мэдрэгчийн хэрэглээг өргөжүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа юм байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй