Улсын хэмжээнд 2025 оны тавдугаар сард нийт 373,252 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 8.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Эдгээр зөрчлийн 78.2 хувь нь нийслэлд, 21.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэсэн байгууллагын хувьд 98.3 хувийг Цагдаагийн байгууллага, үлдсэн 1.7 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн харьяатын газар, Онцгой байдлын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагууд эзэлжээ.
Зөрчил гаргасан нийт 366,328 иргэнд шийтгэл ногдуулсан нь өмнөх сараас 9.1 хувиар нэмэгдсэн бол хуулийн этгээдийн хувьд 1,157 байгууллагад шийтгэл ногдуулсан нь 7 хувиар буурсан дүнтэй байна. Иргэдийн дунд шийтгэл авсан хүмүүсийн 72.4 хувь нь эрэгтэй, 27.6 хувь нь эмэгтэй байсан бол зөрчлийн 61.2 хувийг 26-45 насны иргэд үйлдсэн нь анхаарал татаж байна.
Зөрчлийг шийдвэрлэсэн хэлбэрээр авч үзвэл нийт бүртгэгдсэн хэргүүдийн 94.9 хувь буюу 354,209-ийг газар дээр нь шийдвэрлэжээ. 9,001 зөрчил хялбаршуулсан журмаар шийдэгдсэн бол 671 хэрэгт эрх бүхий албан тушаалтнууд шийтгэл ногдуулсан байна. Харин 3,614 зөрчлийг шүүхэд шилжүүлж, шийтгэл оногдуулах буюу албадлагын арга хэмжээ авах санал гаргасан байна.
Эдгээр зөрчлийн улмаас нийт 3.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 2.3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ.
Тухайн сард хамгийн их өссөн зөрчилд согтууруулах ундааны хэрэглээг хянах болон архидан согтуурахтай холбоотой хуулийн зөрчил 19 хувиар, татварын хууль зөрчих зөрчил 11.1 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчих тохиолдол 10.1 хувиар тус тус нэмэгдсэн байна. Мөн мөрийтэй тоглоомтой холбоотой зөрчил 4.7 дахин өссөн нь анхаарал татаж буй үзүүлэлт болов.
Харин танхайрах зөрчил 29.7 хувиар, нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчих зөрчил 25 хувиар, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил 22.4 хувиар, нийтийн орон сууцны амгалан тайван байдал алдагдуулах зөрчил 8.3 хувиар, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 3.6 хувиар, хулгайн зөрчил 3.2 хувиар тус тус буурсан талаар Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.