“The MongolZ” баг 2025 оны тавдугаар сарын 12-нд “PGL Astana” тэмцээний хүрээнд Украйны алдарт “NAVI” багийг буулган авч, плей-оффын шатанд шалгарах эрхээ авлаа. Тоглолтын дараа тус багийн тоглогч Techno4K сэтгэгдлээ хуваалцсан юм.
Тэрбээр өмнөх тоглолтуудын сургамж, багийн бэлтгэл болон өрсөлдөгчдийн талаар дараах сэтгэгдлийг илэрхийллээ.
“Сүүлийн удаа NAVI-тай хийсэн тоглолт үнэхээр хүнд байсан. Гурван сарын дотор хоёр удаа таарч тоглосон. Нэг удаа бид хожиж, нөгөөдөх удаа харамсалтай ялагдсан. NAVI биднийг сайн судалж, бэлдсэн байсан. Харин энэ удаад бид ч мөн өөрсдийн тактикийг өөрчилж, сайтар бэлдсэн” хэмээн Techno4K онцоллоо.
Тэрбээр сүүлд Лиссабонд болсон тоглолтыг дурсаж, NAVI багтай “Mirage” газрын тоглолтод тэргүүлж байсан ч төгсгөлд нь ялагдал хүлээсэн нь плей-оффын эрхийг алдахад хүргэсэн хэмээн дурдсан юм.
Тэмцээний хүрээнд “Falcons”, “Vitality”, “MOUZ” зэрэг хүчирхэг багууд оролцоогүй байгаа ч The MongolZ дээгүүр нэрлэгдэж буйг тэмдэглээд “Spirit”, “NAVI”, “Aurora” зэрэг өрсөлдөгч багуудыг чухалчилж байгаа аж. Techno4K хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр “Spirit” багийг нэрлэж, тэдний эсрэг хариугаа авахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.
Цаашлаад Казахстан дахь тоглолтод оролцохдоо нутаг дэвсгэрийн ойр байдал, хэл, хоол, хүмүүсийн ижил төстэй байдал нь багийн хувьд сэтгэлзүйн давуу байдал үүсгэж магадгүй хэмээн дүгнэжээ.
“Би түүхийн талаар сайн мэдэхгүй ч Казахстан манай улстай олон талаараа төстэй. Тиймээс бид цэнгэлдэх хүрээлэнд тоглоход дасан зохицох тал дээр харьцангуй амар байх болов уу” хэмээн ярилцлагын төгсгөлд онцолсон байна.