ТЭЦ-3 дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн дарга Энхсаран өнөөдөр мэдээлэл хийж, өнгөрсөн шөнө болсон харамсалтай ослын талаар сэтгэл шимширмээр мэдээлэл өглөө. Тэрбээр, манай байгууллага 20 гаруй жил ажилласан нэг шилдэг инженерээ, хамт олон маань найзыгаа, дүүгээ, ахыгаа алдсан харамсалтай хэрэг гарсан гэж мэдэгдсэн юм.
Тус станц нь 198 мегаваттын хүчин чадалтай, нийт 13 зуух, 9 турбинтай бөгөөд төвлөрсөн эрчим хүчний системийн 13 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 32 хувийг дангаар хангадаг. 2025-2026 оны өвлийн оргил ачааллыг давах бэлтгэл ажлын хүрээнд станцыг зургадугаар сарын 1-ний шөнө бүрэн зогсоохоор төлөвлөсөн бөгөөд өглөөний 2-ны өдрөөс засварын ажлыг эхлүүлэх ёстой байсан. Гэвч тоноглол зогсоох явцад гал гарч, осол болж, нэг инженер амиа алдсан байна. Ажилчид сэтгэл санааны хувьд хүнд нөхцөлд байгаа ч хариуцлагаа ухамсарлан засварын ажлаа зогсоолгүй эхлүүлжээ.
Үйлдвэрлэлийн ослын шалтгааныг мэргэжлийн байгууллагууд шалгаж, дүгнэлт гаргах юм. Энхсарангийн хэлснээр өнөөг хүртэл Засгийн газар, Эрчим хүчний яам, ЭХЗХ зэрэг байгууллагуудын алдаатай шийдвэрийг жирийн ажилтан нуруундаа үүрсээр ирсэн. Эрчим хүчний салбарын ажилчид нөхцөл байдлаа байнга тавьж ярьдаг ч хөрөнгө санхүүжилтийн асуудал дээр хана мөргөөд дуусдаг байна. Эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл, амьд үлдэх баталгаа байхгүй тул ажилчид байнга сэтгэлзүй, эдийн засгийн дарамтад өртөж, цалин багатай орчинд тогтворгүй ажиллаж байгаа нь хүний нөөцийн хомсдолд хүргээд байгаа талаар тэр онцоллоо.
Салбарын хэмжээнд чадлын хомсдол нүүрлэсэн тул тоног төхөөрөмжөө цаг тухайд нь зогсоож, засвар үйлчилгээг бүрэн гүйцэтгэж чадахгүй байна. Техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлах ёстой ч, дээрээс дүрэм зөрчсөн шийдвэрүүд ирдэг. Эрчим хүчний салбар нь өндөр хүчдэл, даралттай уур, ус, эргэлдэгч механизм бүхий орчинд ажилладаг онцгой аюултай салбар бөгөөд ажилчид өдөр бүр амиа эрсдэлд оруулж байж ажил үүргээ гүйцэтгэж байгааг ҮЭ-ийн дарга онцлон хэлсэн юм.