Home УлстөрТээврийн хэрэгслийн татварыг дөрөв дахин нэмэх байсан ч хоёр иргэний эсэргүүцлээс болж гурав дахин нэмжээ

Тээврийн хэрэгслийн татварыг дөрөв дахин нэмэх байсан ч хоёр иргэний эсэргүүцлээс болж гурав дахин нэмжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Тээврийн татвар

Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор УИХ-ын Төвийн байнгын хорооны хуралдаан энэ өдөр болж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал дүгнэлтийг хэлэлцлээ. Тус асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тэдний тайлангийн хүрээнд татварын нэмэгдэлд иргэд хэрхэн хандаж, ямар санал өгсөн талаарх баримтууд ил болжээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан нийслэлийн зүгээс явуулсан цахим хэлэлцүүлэгт ердөө хоёрхон иргэн оролцсон нь 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл эзэмшигчийн төлөөлөл болж чадах эсэхийг хөндлөө. Тэрээр “Хоёр хүн нийслэл хотын сая орчим иргэний өмнөөс санал өгч шийдвэр нөлөөлөх боломжтой юу?” хэмээн хурцаар шүүмжилсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын дарга М.Үнэнбат үүнд хариу өгч, “2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд Хүүхдийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлэгт есөн дүүргийн нийт 240 иргэн оролцсон. Мөн цахимаар байршуулсан саналд хоёр хүн хариу өгсөн бөгөөд энэ нь захиргааны хууль зүйн хүрээнд алдаа биш” хэмээн тайлбарлав. Тус хэлэлцүүлгээр нийслэлийн төсөвт орох орлого, татварын шинэчлэлийн талаар танилцуулсан гэлээ.

Гэсэн ч УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэлцүүлэг нь татварт бус, төсөвт чиглэсэн байсан гэж үзэж, “2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны хэлэлцүүлэг төсөвт чиглэсэн байхад, 2025 оны татварын нэмэгдэл түүнтэй холбоотой гэх үндэслэл сул байна” гэв.

Харин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2024 оны арваннэгдүгээр сарын 18-нд тусгайлан татвартай холбоотой санал асуулга явуулсан. Уг санал асуулгад хоёр хүн оролцож, татварыг дэмжээгүй. Үүнтэй зэрэгцэн 15 иргэнээс авсан саналыг харгалзан татварыг анх төлөвлөсөн дөрөв дахин бус, гурав дахин нэмэгдүүлсэн” гэж мэдэгдлээ.

Энэ бүхэн нь нийслэлийн тээврийн хэрэгслийн албан татварыг нэмэгдүүлэх үйл явц нь иргэдийн оролцооны дутагдал, цахим хэлэлцүүлгийн сул үр дүн, хууль зүйн талаас «хэмжээний алдаа гараагүй» гэх тайлбаруудын дунд явж өнгөрснийг харуулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.