“Техасын рейжер” Чак Норрис 86 насандаа таалал төгслөө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Чак Норрис

Холливудын домогт жүжигчин, тулааны урлагийн мастер Чак Норрис Хавайн арлуудад эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа 86 насандаа таалал төгссөн тухай түүний гэр бүлээс Инстаграм хуудсаараа дамжуулан мэдээллээ. Хэрэг явдал гуравдугаар сарын 19-ний өглөө болсон бөгөөд жүжигчин Хавайд гэнэт бие нь чилээрхэж эмнэлэгт хүргэгдээд байсан юм.

Гэр бүлийнхэн нь түүний үхлийн шалтгааныг тодорхой дурдаагүй ч, амьсгал хураах мөчид ойр дотныхон нь дэргэд нь байсан бөгөөд маш тайван байдалтай байсныг онцолсон байна. “Дэлхий дахины хувьд тэрээр тулааны урлагийн мастер, нэрт жүжигчин, хүч чадлын бэлгэдэл байсан бол бидний хувьд халамжит хань, хайрт аав, өвөө бөгөөд гэр бүлийн маань зүрх сэтгэл байлаа. Тэрээр амьдралынхаа хором бүрийг итгэл үнэмшил, зорилго тэмүүлэл, хайртай хүмүүсийнхээ төлөөх тууштай зүтгэлд зориулсан юм. Түүний хөдөлмөрч зан, сахилга бат, сайхан сэтгэл нь дэлхий даяарх сая сая хүмүүст урам зориг өгч, олон хүний амьдралд арилшгүй мөрөө үлдээсэн” хэмээн ар гэрийнх нь эмгэнэлдээ дурджээ.

Мөн тэд түүнийг амьд ахуй цагт нь хайрлаж, дэмжиж ирсэн шүтэн бишрэгчдэд нь гүн талархал илэрхийлсэн байна. “Бидний зүрх сэтгэл эмтэрч байгаа ч түүний туулсан гайхалтай амьдрал, хамтдаа өнгөрүүлсэн мартагдашгүй мөчүүдэд талархаж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлж буй хайр халамж, дэмжлэг түүний хувьд маш их үнэ цэнтэй байсан. Тэрээр та бүхнийг зөвхөн шүтэн бишрэгчид бус, өөрийн найз нөхөд гэж үздэг байсан юм” хэмээн нэмж өгүүлжээ.

Ердөө долоо хоног гаруйн өмнө буюу 3 дугаар сарын 10-нд Чак Норрис 86 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, бэлтгэл хийж буй бичлэгээ нийтэлсэн билээ. Тэрээр бичлэгийнхээ тайлбарт: “Би хөгшрөхгүй байна, би дараагийн түвшинд гарч байна. Өнөөдөр миний 86 насны төрсөн өдөр! Нартай сайхан өдөр идэвхтэй байх шиг хүнийг залуужуулдаг зүйл үгүй. Дахин нэг жил, эрүүл саруул байж, дуртай зүйлээ үргэлжлүүлэн хийх боломж олгосонд талархаж байна” хэмээн бичиж байжээ.

Эмгэнэлт мэдээ гарахаас хэдхэн цагийн өмнө TMZ портал эх сурвалж дурдан, жүжигчнийг Хавайн Кауаи арал дээр эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлсэн бөгөөд тухайн үед түүний биеийн байдлыг сайн байгаа гэж мэдээлж байсан юм.

Домогт “Рейжер”-ийн замнал

Карлос Рэй Норрис Жр (Carlos Ray Norris Jr) 1940 онд Оклахома мужид мэндэлжээ. Түүний эцэг ирланд гаралтай бол эх нь Чероки индиан гаралтай байв. Ирээдүйн супер од тулааны урлагийг цэргийн алба хааж байхдаа сонирхож эхэлсэн бөгөөд жүдо болон тансудогоор хичээллэн, гуравхан жилийн дотор хар бүс хамгаалж чаджээ. 1963 онд тэрээр анхны каратэгийн сургуулиа нээж, улмаар 1968 онд каратэгийн дэлхийн аварга цолыг хүртэж байсан юм.

Чак Норрис бол бразил жиу-жицугийн 1-р дан, тхэквондогийн 8-р дан, шито-рю каратэ-догийн 10-р дан, Тансудогийн 10-р дантай тулааны урлагийн нэрт мастер байв. Кино урлагт тэрээр өөрийнх нь сургуульд хичээллэдэг байсан Стив МакКуины ачаар хөл тавьсан бөгөөд анхны томоохон дүр нь 1972 онд Брюс Ли-тэй хамтран тоглосон “Луугийн зам” (Way of the Dragon) байлаа.

Үүний дараа тэрээр “Нарушитель” (1977), “Сүраггүй алга бологсод” (1984), “Чимээгүй байх хууль” (1985) зэрэг олон арван тулаант кинонд тоглосон юм. Харин 1993 онд эхэлсэн “Техасын рейжер Уокер” (Walker, Texas Ranger) цуврал нь түүнийг дэлхий даяар алдаршуулж, нийт найман улирлын турш үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тэрээр нийт 45 гаруй кино, телевизийн бүтээлд дүрээ мөнхөлсөн юм.

Хувийн амьдралын тухайд Чак Норрис хоёр удаа гэрлэсэн. Анхны эхнэр Диана Кэй Холечектэй 30 жил хамт амьдарч, хоёр хүүтэй болсон бол 1998 онд өөрөөсөө 23 насаар дүү Жина О’Келлитэй гэрлэж, хоёр ихэр хүүхэдтэй болсон юм. Мөн түүнд 30 орчим жилийн дараа анх уулзсан Диана хэмээх внебрачный (гэр бүлээс гадуурх) охин байсан бөгөөд тэрээр охиноо албан ёсоор хүлээн зөвшөөрч, энэ тухайгаа “Бүх саад бэрхшээлийн эсрэг: Миний түүх” хэмээх дурсамж номондоо бичсэн байдаг. Чак Норрис 13 ач, зээтэй байлаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй