Тэнгэр шинжээч Д.Аюурзана: Энэ өвөл хүйтэн ч цас харьцангуй бага орно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Аюурзана

Энэ сард агаарын дундаж температур төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Харин хур тунадас нутгийн хойд хэсгээр ахиу орох магадлалтай гэж УЦУОШГ мэдээллээ.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн турш хүйтэрч, цастай байх хандлагатай байна. Иймээс иргэдийг хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын мэдээг анхааралтай хянаж, ажлаа төлөвлөхийг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлэв.

Энэ талаар нөхцөл байдлыг тодруулахаар Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, аймгийн аварга малчин, тэнгэр шинжээч Д.Аюурзанагаас тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ:
“Өмнөх тохиолоор тэнгэр бүрхэг байсан тул ажиглалт хийх боломжгүй байлаа. Харин дөрөв дэх өдөр дахин нэг тохиол гарах тул од, сарны байдлаар шинжилнэ гэж хүлээж байна. Сүүлийн өдрүүдэд бараг цас ороогүй, цаг агаар харьцангуй дулаан байна. Малын идэш өвс бүрэн дарагдаагүй, цухуйсан хэвээрээ байна.

Гэхдээ энэ сарын дунд үеэс хүйтрэх нь гарцаагүй. Өвөлдөө цас бага орж, өнтэй ч хүйтэн өвөл болох төлөвтэй байна. Алаг цоогдуу, жигд бус өвөл болох магадлалтай. Харин жил бүр их цас ордог бүс нутагт байдал арай өөр байж болох юм” хэмээлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй