Японы мэргэжлийн сүмогийн холбооны Удирдах зөвлөл өнөөдөр /2026.04.09/ Токио хотод хуралдаж, Исэгэхама дэвжээний ояката, ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй холбоотой асуудлыг авч хэлэлцлээ. Хуралдааны дүнгээр түүнд сахилгын шийтгэл ногдуулж, багшлах зэрэглэл буюу тошиёри статусыг нь хоёр шат бууруулах шийдвэр гаргасан байна.
Мөн түүний цалингаас гурван сарын хугацаанд 10 хувийг суутгахаар болжээ. Ийнхүү шавьдаа гар хүрсэн үйлдэл нь холбооны түвшинд албан ёсоор зөрчилд тооцогдож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон байна.
Харин зодуулсан шавь Хакүнофүжийн хувьд холбооноос хатуу анхааруулга өгсөн аж. Үүнээс гадна Исэгэхама дэвжээний дотоод хяналтыг чангатгах зорилгоор дөрвөн оякатаас бүрдсэн хяналтын зөвлөл байгуулжээ. Тус зөвлөлийг Асакаяама ояката буюу озеки асан Кайо ахлахаар болсон байна.
Энэ хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр олон нийтэд ил болсон юм. Тухайн үед Терүнофүжи өөрөө холбоонд хандан шавьдаа гар хүрсэн тухайгаа мэдэгдсэн бөгөөд үүний дараа Нишикифүжи, Хакүнофүжи нараас мэдүүлэг авчээ. Улмаар гуравдугаар сарын тэмцээний үеэр түүний багшлах эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлээд байсан юм.
Эх сурвалж: Nikkan Sports