Tesla компанийн 75 хувиас илүү хувьцаа эзэмшигчид Илон Маскт зориулсан урьд өмнө байгаагүй хэмжээний нөхөн олговорын багцыг дэмжлээ. Хэрвээ компанийн зах зээлийн үнэлгээ 8.5 их наяд долларт хүрвэл Маск дэлхийн анхны их наядтан болж магадгүй.
Tesla-ийн жилийн ээлжит хурлаар нийт саналын 75 хувиас дээш нь компанийн гүйцэтгэх захирал Илон Маскт зориулсан шинэ урамшууллын багцыг дэмжжээ. Энэ шийдвэр нь ирэх 10 жилийн хугацаанд түүнд 423.7 сая ширхэг нэмэлт хувьцаа авах боломж олгож, боломжит нийт үнэ цэнэ нь 1 их наяд доллар хүрч болзошгүй.
CNN-ийн мэдээлснээр энэ багц Маскийн аль хэдийн эзэмшиж буй 15 хувийн хувьцаанд хамаарахгүй. Санал хураалтын үр дүнг зарлах үед танхимд алга ташилт, уухай хадаж, Маск хувьцаа эзэмшигчдэд “Би маш их талархаж байна” хэмээн хэлжээ.
Маск тогтмол цалин авдаггүй, түүний орлого бүрэн хувьцааны опционоос бүрддэг. Багцыг бүрэн биелүүлэхийн тулд Tesla компанийн зах зээлийн үнэлгээ 8.5 их наяд долларт хүрч, тодорхой үйл ажиллагааны болон санхүүгийн шалгууруудыг давж гарах ёстой. Хэрвээ бүх шалгуур биелбэл, Маск өдрөөс өдөрт 275 сая доллар «олж» байх боломжтой бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн том корпорацийн урамшууллын төлөвлөгөө юм.
Ийм түвшинд хүрэхийн тулд Tesla-ийн хувьцаа өнөөгийн үнээс 466 хувиар өсөх шаардлагатай. Энэ нь өнгөрсөн долоо хоногт үнэлгээ нь 5 их наяд долларт хүрсэн Nvidia-г давсан түвшин болох юм. Одоогоор Маскийн хөрөнгө 473 тэрбум доллар гэж үнэлэгддэг бөгөөд голдуу Tesla, SpaceX болон xAI дахь эзэмшлээс бүрдэж байна.
Tesla-ийн ТУЗ анхааруулснаар багцыг батлаагүй тохиолдолд Маск компаниас гарах асуудлыг авч үзэж байсан аж.
Tesla өнгөрсөн жил борлуулалт, орлогын уналттай тулгарсан ч Маск компанийн ирээдүй зөвхөн цахилгаан машинд бус гэдгийг онцолсон. Түүний хэлснээр Tesla одоо хиймэл оюун ухаан, робототехник, автомажсан тээврийн эрин үе рүү шилжиж байна.
Тэрээр танилцуулах үеэрээ автомашинаас илүүтэйгээр робот, роботаксигийн хөгжүүлэлт дээр төвлөрөн ярьжээ. Маскийн хэлснээр Tesla-ийн робот “түүхэн дэх хамгийн том бүтээгдэхүүн” болж, гар утсаас ч том нөлөө үзүүлнэ.
Тэр роботыг нэгж бүрийг 20 мянган долларын өртгөөр үйлдвэрлэж, дэлхийн эдийн засгийг өөрчилж, ядуурлыг бууруулж, бүр эмч нарыг ч орлох чадвартай гэж мэдэгджээ.
Гэсэн ч эдгээр бүх төсөл хөгжлийн шатандаа байгаа тул урамшууллын багц батлагдсанаар Маск бүх төлбөрөө баттай авна гэсэн үг биш. Тэр одоогийн сорилтуудыг давж, амлалтуудынхаа бодитой байдлыг батлах шаардлагатай.