«E-sport world cup 2025» тэмцээнд тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдсэн Монголын цахим спортын «The MongolZ» багийг өнөөдөр мэдэхгүй хүн ховор биз ээ. Энэхүү баг нь Монгол Улсдаа төдийгүй олон улсад нэр хүндтэй болсон хэдий ч, тэдний амжилтын замнал нь эртний түүхтэй юм.
Түүхэн Эхлэл ба Өнөөгийн Бүрэлдэхүүн
«The MongolZ» багийн түүх анх 2013 онд «Dota 2» багийн бүрэлдэхүүнтэйгээр эхэлж байсан. Гэвч 2015 оноос эхлэн тэд гол анхаарлаа «Counter Strike» (CS) төрөлд хандуулж, өргөжсөнөөр өнөөгийн хүлээн зөвшөөрөгдсөн баг болж чадсан юм.
- Өнөөгийн Бүрэлдэхүүн:
- Б.Гарьдмагнай («bLitz»)
- М.Содбаяр («Techno4K»)
- Б.Өсөхбаяр («910»)
- Б.Аюуш («mzinho”)
- Дасгалжуулагч: Б.Эрдэнэдалай («maaRaa»)
Тэдний энэ их амжилт нь «2990» болон «Checkmate» зэрэг өмнөх багуудын туршлага, үе дамжсан хичээл зүтгэлээс эхлэлтэй. Тамирчдын холио, солио ихээр хийгдэж, амжилтаа ахиулсаар өнөөгийн дэлхийд ноёлох «The MongolZ» үүсгэн байгуулагдсан билээ.

«2990»-ийн Өмсгөлтэй Мэйжорт
Өнөөдөр «The MongolZ» баг Будапешт Мэйжор тэмцээний эхний тоглолтоо хийх хуваарьтай байгаа бөгөөд тэд энэ удаагийн тэмцээнийг Монголын CS-ын эхлэлийг тавьсан «2990» багийн шинэчилсэн өмсгөлөөр эхлүүлж байгаа нь онцлог юм. «The MongolZ» баг 1xBet Mongolia-гийн дэмжлэгтэйгээр тэмцээн уралдаануудад оролцдог. Багийн зүгээс энэ сонголтынхоо талаар цахим хуудастаа ингэж мэдэгджээ:
«2990» гэдэг нэр бол бидний анхны алхам. Бидний хамгийн их дурсан санадаг үе. Зургаа, долоон жилийн өмнө гурвалжингийн гүүрний тэнд давчуухан 2 өрөө байшинд мөрөөдөл, хүсэл зорилгынхоо төлөө харанхуйгаар зүтгэж байсан «амжилтын төлөөх өлсгөлөн» үе. Өдөртөө элэгний нухаштай талх идчихэд л данга байсан үе. Тэрхүү нэг жилийн хугацаанд бид тэмцээний шагналын сангаас өөр цалин, орлогогүй ч энэ л тоглоомыг тоглох орчинтой байсан нь хангалттай байлаа. Шалан дээрээ 6, 7-уулаа зэрэгцээд л унтчихдаг байсан. Монголын Counter Strike-чид цэвэр хичээл зүтгэл, сэтгэл зүрхээрээ туулсан тэрхүү жилүүдэд бид хэн байснаа дурсан «2990»-ээр ирэх улирлын өнгө төрхөө нэрлэлээ. Бидний дотор одоо ч 2990-ийн үеийн «амжилтаар өлссөн» мэдрэмж хэвээр.
Ийнхүү тэд хуучны «2990» багт гүн хүндэтгэл үзүүлэн, хуучин өнгө төрхөө шинэчилж, дэлхийн тавцанд Монголын цахим спортын шинэ түүхийг бүтээхээр шинэ улирлаа эхлүүлж байна.