Монголын цахим спортын «Counter Strike 2» баг The MongolZ, гол спонсор нь 1xBet, BLAST Bounty Fall 2025 тэмцээний шувтаргын тоглолтод оролцож, дэд байрт шалгарлаа. Шөвгийн дөрөвт манай баг дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Францын «Team Vitality» багийг 2:0 онооны харьцаатай ялсан байна.
Ингээд аваргын төлөө өнгөрсөн шөнө ОХУ-ын «Team Spirit» багтай «Во5» журмаар тоглож, 0:3 онооны харьцаатай хожигдлоо. Тоглолтод манай баг эсрэг багийн сонгосон «Nuke map»-т хамгаалах талаас 6:6 оноотой байраа сольсон ч довтолгооны дөрвөн үе дараалан алдаж, 13:11-ээр хожигдсон. Харин өөрийн сонгосон «Mirage map»-т довтолгооны талаас хоёр онооны зөрүүтэй байраа сольсон ч нэмэлт үе гаргаж, 13:16 онооны харьцаатай ялагдсан. «Ancient map»-ийг хамгаалах талаас дөрвөн үеийн зөрүүтэй байраа сольж, довтолгооны талаас зөвхөн нэг үе авч 5:13 оноотой дуусгав.
Ийнхүү «The MongolZ» баг BLAST Bounty Fall 2025 тэмцээний дэд байрт шалгарч, 68,437 ам.долларын шагнал авлаа. Харин аваргын цом өргөсөн «Team Spirit» баг 287,813 ам.долларын шагналын эзэн болжээ.
«The MongolZ» баг энэ сарын 20-24-нд Саудын Арабын Эр-Рияд хотноо болох 1.2 сая ам.долларын шагналын сантай Esports World Cup 2025 тэмцээнд оролцохоор хуваарьтай бөгөөд долоо хоногийн Лхагва гарагийн 22:15 цагаас Германы «GamerLegion» багтай тоглохоор оноолт таарчээ.