Table of Contents
Vitality баг “Оны шилдэг баг” шагналыг зүй ёсоор хүртсэн бол одоо 2025 оны турш бусад багууд хэрхэн эрэмблэгдсэнийг олж мэдэх цаг боллоо.
HLTV Awards 2025 ёслолын ажиллагаа өндөрлөж, Vitality баг “Оны шилдэг баг”-аар нэрлэгдсэн тул баг бүрийн туулсан сорилт, ололт амжилтыг тусгасан 2025 оны шилдэг 10 багийн бүрэн жагсаалтыг танилцуулж байна.
Өмнөх жилүүдийн адил энэхүү жагсаалтыг гаргах гол үндэслэл нь HLTV-ийн дэлхийн чансаа байв. Шилдэг 20 тоглогчийг тодруулахад ашигладагтай ижил төстэй тэмцээнүүдийн сонголтыг үндэслэн, цуглуулсан нийт оноо болон нэг тэмцээнд авсан дундаж онооны нийлбэрээр эцсийн байрлалыг тогтоосон байна. Жагсаалтыг гаргахдаа байгууллага гэхээсээ илүүтэй дор хаяж гурван тоглогч нь хэвээр үлдсэн багийн цөмийг авч үзсэн бөгөөд бүрэлдэхүүний өөрчлөлтөөс шалтгаалсан онооны хасалтыг тооцоогүй болно. Vitality баг бусдаасаа хол тасархай “Оны шилдэг баг” байсан ч жагсаалтын бусад хэсэгт, тухайлбал Aurora болон Natus Vincere, мөн Falcons болон FURIA багуудын хооронд маш бага онооны зөрүү байлаа.
10. FaZe
2025 онд FaZe баг Робин “ropz” Күүл Vitality-руу явж, түүний оронд Жонатан “EliGE” Яблоновски ирснээр шинэ бүрэлдэхүүнтэйгээр жилээ эхлүүлсэн. ropz-ийн гүйцэтгэж байсан чухал үүрэг болон EliGE-ийн тоглолтын онцлог өөр байсан тул жилийн эхний хагаст тэд багагүй бэрхшээлтэй тулгарсан. Тэд оролцсон тэмцээнүүдийнхээ хасагдах шатанд шалгарч чадахгүй байсан бөгөөд хамгийн сайн амжилт нь сул багууд оролцсон PGL-ийн тэмцээнүүдийн 3 болон 4-р байр байв.
Байдлыг өөрчлөхийн тулд тэд Хелвийс “broky” Сауканцыг супер од мэргэн буудагч Александр “s1mple” Костылевээр сольсон. Энэ нь эрсдэлтэй алхам байсан ч тэднийг BLAST.tv Austin Major-ийн хасагдах шатанд гарахад тусалж, хүлээлтээс давсан үр дүн авчирсан. Тоглогчдын амралтын дараа broky эргэн ирсэн ч үр дүн сайжирсангүй. Улмаар тэд залуу тоглогч Якуб “jcobbb” Пьетрушевскийг авчирч, дараа нь Рассел “Twistzz” Ван Дулкен багтаа эргэн ирснээр Хавард “rain” Нигаардын FaZe-тэй холбогдсон 10 жилийн түүх өндөрлөв.
Тэд StarLadder Budapest Major тэмцээний эхний шатнаас (Stage 1) эхлэхэд хүрсэн ч бүх хүлээлтийг эвдэж, шигшээ тоглолт хүртэл явж, Vitality-д ялагдсан. Энэхүү амжилт нь тэднийг оны шилдэг 10 багийн нэг гэдгийг баталсан юм.

9. G2
G2 жилээ чансааг тэргүүлж эхлүүлсэн ч Никола “NiKo” Ковачийг алдсан нь том сорилт болов. Никита “HeavyGod” Мартыненко ирсэн ч тэдний дундаж тоглолтын түвшин буурч, NiKo-ийн удирдагч чанарыг нөхөхөд хэцүү байлаа. Илья “m0NESY” Осипов багийг орхисны дараа тэд түр зуурын тоглогч авч тоглосон ч амжилт нь доошилсоор байв.
Гэвч дасгалжуулагч sAw ирж, MATYS болон SunPayus нарыг бүрэлдэхүүндээ авснаар жилийн хоёрдугаар хагаст тэдний түвшин эрс дээшилсэн. Тэд BLAST Open London тэмцээнд түрүүлсэн нь энэхүү жагсаалтын 9-р байрт орох гол шалтгаан болсон юм.

8. Aurora
Туркийн баг жилийн эхний хагаст BLAST Bounty-д 2-р байр эзэлж, бүх тэмцээнийхээ хасагдах шатанд шалгарч, дэлхийн чансааны эхний тавд байнга бичигдэж байв. BLAST.tv Austin Major тэдний хувьд бүтэлгүйтэл байсан ч Esports World Cup-ын 2-р байр болон PGL Masters Bucharest-д түрүүлсэн нь тэднийг оны 8 дахь шилдэг баг болгожээ.

7. Natus Vincere
2024 оны амжилтаа давтах нь тэдэнд хэцүү байсан ч жилийн эхний хагаст IEM Katowice болон BLAST Bounty-д ТОП-4-т шалгарч, тогтвортой байдлаа хадгалсан. jL сэлгээнд шилжиж, makazze ирснээр тэд түр зуур хямарсан ч StarLadder Budapest Major-д шилдэг дөрөвт багтсан нь тэднийг жагсаалтын 7-р байрт оруулсан юм.

6. Falcons
NiKo-г авснаар тэдний амбиц нэмэгдэж, m0NESY-г элсүүлснээр дэлхийн шилдэг багуудын нэг болж чадсан. Тэд таван тэмцээн дараалан ТОП-4-т шалгарч, StarLadder Budapest Major-ын хасагдах шатанд үлдсэн нь жилийн турш том ахиц гаргасныг харууллаа.

5. FURIA
Жилийн эхэнд FURIA маш муу байсан ч 4 дүгээр сард molodoy болон YEKINDAR нарыг авч, англиар харилцаж эхэлснээр тэдний тоглолт эрс сайжирсан. Жилийн сүүлийн хагаст тэд таван тэмцээний дөрөвт нь түрүүлж, дэлхийн чансааг тэргүүлж эхэлснээр жагсаалтын 5-рт бичигдэв.

4. The MongolZ
Монголын баг 2024 онд өөрсдийн нөөц бололцоог харуулсан бол 2025 онд дэлхийн элит багуудын нэг гэдгээ батлан харууллаа. Тэд жилийн турш IEM Katowice, ESL Pro League S21, IEM Melbourne, IEM Dallas зэрэг тэмцээнүүдэд ТОП-4-т тогтмол шалгарч, 1xBet Монголоос дэмжлэг авч ажилласан.
Тэдний жилийн оргил амжилт нь BLAST.tv Austin Major-ын 2-р байр байсан бөгөөд энэ нь тэднийг аварга болох хэмжээний баг гэдгийг баталсан юм. Удаан хүлээсэн аваргын цомоо Esports World Cup-д түрүүлж авсан бөгөөд хагас шигшээд Vitality-г хожсон нь түүхэн үйл явдал байв. Senzu сэлгээнд шилжсэн нь тэдний чансаанд бага зэрэг нөлөөлсөн ч жилийн туршид үзүүлсэн тогтвортой өндөр амжилт нь тэднийг дэлхийн 4 дэх шилдэг баг болгожээ.

3. MOUZ
MOUZ баг Spinx-ийг авснаар маш тогтвортой амжилт үзүүлж эхэлсэн. Тэд PGL Cluj-Napoca-д түрүүлж, IEM Cologne-ын шигшээ тоглолтод шалгарсан. Есөн тэмцээн дараалан ТОП-4-т шалгарсан нь тэднийг дэлхийн хамгийн шилдэг багуудын нэг болохыг баталсан юм.

2. Spirit
2024 оныг Мэйжорын аваргаар дуусгасан Spirit 2025 онд BLAST Bounty S1-д түрүүлж, IEM Katowice-д 2-р байр эзэлсэн. Тэд бүрэлдэхүүндээ zweih болон tN1R нарыг авснаар IEM Cologne-д түрүүлж, оны хамгийн нэр хүндтэй цомуудын нэгийг авсан. Жилийн турш 4 цом хүртэж, StarLadder Budapest Major-ын хагас шигшээд үлдсэнээр оны 2 дахь шилдэг багаар шалгарав.

1. Vitality
Vitality баг оны шилдэг баг болох нь хэнд ч эргэлзээ төрүүлээгүй. Тэд IEM Katowice болон ESL Pro League-д түрүүлж, ZywOo MVP-ийн рекордыг эвдсэн. Жилийн турш 30 тоглолт дараалан ялж, долоон том тэмцээнд дараалан түрүүлж, Austin Мэйжорын аварга болсон нь түүхэн дэх хамгийн шилдэг улирал байв. Жилийн сүүлээр StarLadder Budapest Major-д дахин түрүүлснээр 2019 оны Astralis-аас хойш анх удаа хоёр Мэйжорт дараалан түрүүлсэн баг боллоо. 16 тэмцээний 9-д нь түрүүлсэн тэднийг оны шилдэг баг гэдгийг үгүйсгэх аргагүй юм.

2 comments
Дэлхийн түвшинд 4-р байр гэдэг маш том амжилт
Манай багт баяр хүргэе