The MongolZ баг маргааш дэлхийн шилдэг багтай халз тулна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
The MongolZ баг маргааш дэлхийн шилдэг багтай халз тулна

Цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг болох BLAST Bounty Fall 2025 гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нийт 500 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээнд дэлхий даяар 32 баг өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас The MongolZ баг дэлхийн чансааны оноогоор уригдан оролцож буй. Тэд энэ удаагийн тэмцээнд 1xBet-ийн ивээн тэтгэлгээр оролцож байна.

Урьдчилсан шатны тоглолтууд бүгд нугалааны журмаар явагдах бөгөөд ялагдсан баг тэмцээнээ шууд өндөрлүүлнэ. Энэ шатнаас шалгарсан найман баг аваргын төлөө энэ сарын 14-17-ны хооронд Бүгд Найрамдах Мальта Улсад үргэлжлүүлэн тоглох юм.

The MongolZ багийн хувьд урьдчилсан шатны эхний тоглолтоо наймдугаар сарын 8-ны Баасан гарагийн 17:00 цагт Финландын ENCE багийн эсрэг хийнэ. Уг тоглолт нь “Bo3” буюу гурван “map”-аар ялагчийг тодруулах хэлбэрээр явагдана. Манай баг өмнө нь “Elisa Masters Espoo 2024” тэмцээний шөвгийн дөрөвт ENCE багтай оноолт таарч, 1:2 харьцаатай хожигдож байсан туршлагатай.

Мөн анхаарал татах нэг зүйл нь, есдүгээр сарын эхээр Английн Лондон хотод болох BLAST Open Fall 2025 тэмцээнд The MongolZ оролцох боломжгүй болсон талаар багийн удирдлагууд мэдэгдээд байгаа. Энэ нь олон улсын тэмцээнүүдийн шахуу хуваарьтай холбоотойгоор виз мэдүүлэх цаг хугацаа хүрэлцээгүйгээс шалтгаалжээ.

Үүнээс гадна тус тэмцээнд Монгол дасгалжуулагчтай баг ч оролцож байгаа. Г.Эрдэнэцогт буюу erkaSt-ийн дасгалжуулж буй Австралийн FlyQuest баг Туркийн Aurora Gaming багийн эсрэг мөн өдөр 19:30 цагт тоглох юм. Хэрэв ялалт байгуулвал шөвгийн 16-д шалгарах боломжтой.

BLAST Bounty Fall 2025 тэмцээнд дэлхийн шилдэг багууд болох Францын Team Vitality, Украины Natus Vincere, Европын FaZe Clan, Германы MOUZ, Оросын Team Spirit зэрэг хүчирхэг багууд оролцож байна. Эдгээр багууд түрүү байрын төлөөх гол өрсөлдөгчид болохыг тэмцээний ерөнхий хуваарь болон шинжээчдийн таамаг дэмжиж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment