Казахстаны Астана хотод зохион байгуулагдаж буй цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын өндөр чансаатай PGL Astana 2025 тэмцээний хасагдах шатны шөвгийн найман багийн тоглолтууд эхэллээ. Энэ шатанд Монголын The MongolZ баг Туркийн Aurora Gaming багтай тулгарч, гурван map-аар ялагчийг тодруулах best of 3 форматаар тоглосон ч харамсалтайгаар 0:2 харьцаатай ялагдал хүлээлээ.
Тоглолт The MongolZ багийн сонгосон Mirage map дээр эхэлсэн бөгөөд манай баг довтлох талаас тоглож, дөрвөн үеийн дараа хамгаалах талаасаа тоглох үед ердөө нэг л үе авч, тоглолт 5:13 харьцаатайгаар дууссан. Харин Aurora Gaming багийн сонгосон Anubis map дээр тоглолт илүү хурц өрнөж, нэмэлт үе гарсан ч The MongolZ баг 14:16-гаар ялагдал хүлээсэн. Ийнхүү манай баг PGL Astana 2025 тэмцээнд 5-8 дугаар байрт шалгарч, 62,500 ам.долларын шагнал хүртэж байна. Энэ шагналын мөнгөний 50 хувь нь тоглогчдод, үлдсэн 50 хувь нь багийн арын албанд хуваарилагдах юм.
Гэсэн ч The MongolZ баг тун удахгүй, ирэх долоо хоногийн Даваа гарагт АНУ-ын Даллас хотод эхлэх Intel Extreme Masters Dallas 2025 тэмцээнд оролцохоор бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх юм.