Table of Contents
Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын энэ оны хоёр дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн — “StarLadder Budapest Major 2025” энэ сарын 11-р сарын 24-нөөс Унгарын Будапешт хотноо эхэлнэ.
1.2 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд Монгол Улсаас “The MongolZ” болон “The Huns Esports” багууд оролцох юм. Тэмцээнд өрсөлдөх нийт 32 баг өчигдөр орой бүрэлдэхүүндээ хийсэн өөрчлөлтөө албан ёсоор зарлажээ.
Senzu дахин бүрэлдэхүүнд
“The MongolZ” баг өнгөрсөн аравдугаар сарын 22-нд тоглогч М.Азбаяр (Senzu)-г сэлгээнд суулгаж буйгаа мэдэгдэж, оронд нь Б.Өнөдэлгэр (controlez)-ийг орлон тоглогчоор нэгтгэж байсан билээ. Тэр цагаас хойш “The MongolZ” хоёр тэмцээнд оролцсон ч хүссэн үр дүнд хүрээгүй юм.
Харин одоо баг бүрэлдэхүүндээ дахин өөрчлөлт оруулж, Senzu-г зургаа дахь тоглогчоор бүртгүүлсэн талаар тэмцээн зохион байгуулагчид мэдээллээ. Гэвч тэрээр үндсэн таван тоглогчийн нэгээр тоглох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Зургаа дахь тоглогчийн үүрэг
Зургаа дахь тоглогч нь багийн үндсэн бүрэлдэхүүн дэх нэг гишүүн гэмтэх эсвэл оролцох боломжгүй болсон тохиолдолд нөхөж тоглох үүрэгтэй байдаг. “Liquipedia.net” сайтын мэдээллээр Senzu-г DNP (Did Not Play) буюу гарааны тавд багтаагүй нөөц тоглогч хэмээн бүртгэгдсэн байна.
Мөн “The MongolZ” баг 1xBet-ийн дэмжлэгтэйгээр дэлхийн аваргад оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд тус байгууллага нь багийн олон улсын оролцоог тогтвортой дэмждэг юм.
Монголын хоёр баг дэлхийн тавцанд
“The Huns Esports” баг тэмцээний нэгдүгээр шатнаас оролцох бөгөөд ОХУ-ын “PARIVISION” багийн эсрэг 11-р сарын 24-ний 21:00 цагт тоглоно. Харин “The MongolZ” баг гуравдугаар шатнаас оролцож, 12-р сарын 4-нөөс тоглолтоо эхлүүлэх юм.