Цахим спортын томоохон тэмцээн болох «Intel Extreme Masters Cologne 2025» нь Герман улсад тав дахь өдрөө үргэлжилж байна. 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд хэсэг тус бүрээс гурав, нийт зургаан баг Playoffs шатанд шалгарна.
Монгол Улсаа төлөөлөн оролцож буй «The MongolZ» баг, А хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтдоо Францын «3DMAX» багийг «Bo3» (гурван map-аар ялагчийг тодруулах) журмаар 2:0-ээр ялсан.
Өнөөдөр тэд Саудын Арабын шилдэг багуудын нэг болох «Team Falcons»-тай мөн «Bo3» журмаар тоглож, 13:9 / 13:9 онооны харьцаатайгаар дараалан хоёр map дээр хожсоноор Playoffs шатанд шалгарлаа. Энэхүү тоглолтын гол баатраар Senzu буюу М.Азбаяр тодорч, манай багийн ялалтад гол үүрэг гүйцэтгэлээ.
«Team Falcons» баг NiKo, m0NESY, kyousuke зэрэг дэлхийн чансааны өндөр оноотой тамирчдаас бүрддэг бөгөөд дэлхийн 4-р байрт эрэмбэлэгддэг хүчирхэг өрсөлдөгч юм. Ийнхүү манай баг тэдэнтэй хийсэн хоёр дахь тоглолтоо хожсоноор хоорондын харьцааг 1:1 болголоо.
Дараагийн тоглолт наймдугаар сарын 29-ний 22:00 цагт Францын «Team Vitality» болон Европын «G2 Esports» багийн аль хожсонтой нь хийх бөгөөд уг тоглолтод хожсон тохиолдолд Playoffs-ийн шууд шөвгийн дөрөвт шалгарах эрхийг авах юм.
«The MongolZ» багийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байгаа бөгөөд тус байгууллага Монголын киберспортын хөгжилд онцгой хувь нэмэр оруулж буйг онцлох нь зүйтэй.