The MongolZ баг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Shambala2056 нэртэй залуусын нэгдэлтэй хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү нэгдэл нь Монгол Улсад ногоон байгууламжийг нэмэгдүүлж, байгаль орчны тэнцвэрийг сэргээх зорилготой хөдөлгөөн юм.
Shambala2056 нь “Be Human”, “Art N Tech” зэрэг төслүүдийн хүрээнд Монголын цөлжилттэй бүс нутагт нөхөн сэргээлт хийх ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 66,857 хайлаас мод тарьж, ургуулжээ. Эдгээр модны ургалт, байршлыг NASA-ийн “MODIS” болон ESA-ийн “Sentinel-2” хиймэл дагуулуудаар хянаж, баталгаажуулсан байна.
Хамтын ажиллагааны дараагийн шатанд тэд нийт 100,000 мод тарих зорилт тавьжээ. Энэ хүрээнд “MONGOLZ #1” гэсэн үгсийг модоор дүрсэлсэн байгаль орчны бүтээл байгуулж байгаа бөгөөд одоогоор 447.8 метр урттай “M” үсгийн хэсэгт модны суулгалт бүрэн хийгдэж, усалгааны системийг амжилттай угсарсан байна.
Энэхүү санаачилга нь Монгол орны хуурай, цөлжиж буй бүс нутгийг нөхөн сэргээх, экосистемийг тэнцвэржүүлэхэд чухал хувь нэмэр оруулах зорилготой төдийгүй байгаль хамгааллын чиглэлд залуусын оролцоог нэмэгдүүлэх шинэ жишиг болж байна.