Table of Contents
“Буцах замгүй болсон жил” гэж Time онцлов
АНУ-ын Time сэтгүүл 2025 оны Оны хүнээр нэг хүнийг бус, хиймэл оюун ухааныг бүтээж, хөгжүүлж буй хүмүүсийг нэрлэсэн байна. Редакцын тайлбарт 2025 он хиймэл оюуны чадвар олон нийтийн анхаарлын төвд бүрэн орж, “буцах замгүй” гэдэг нь ойлгомжтой болсон үе байсныг онцолжээ. Тэд Х хуудсандаа “боддог машины эрин зууныг бодит болгосон”, “хүн төрөлхтнийг нэгэн зэрэг гайхшируулж, санааг нь чилээсэн”, “одоог өөрчилж, боломжийн хил хязгаарыг тэлсэн” хүмүүс Time сэтгүүлийн 2025 оны хүн болж байна гэж бичсэн байна.
Нүүрэнд хэн хэн гарсан бэ?
Time-ийн нүүрэнд энэ удаа салбарын томоохон төлөөлөгчид тод харагджээ. Тухайлбал Nvidia компанийн тэргүүн Женсен Хуанг, Meta-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг, Х компанийг эзэмшигч Илон Маск, хиймэл оюуны “загалмайлсан эх” хэмээн нэрлэгддэг Фэй Фэй Ли нарын хөрөг нийтлэгдсэн байна.
“Боддог машин” биднийг өөрөөсөө асуухад хүргэв
Нийтлэлд дурдсанаар, хүн төрөлхтөн олон арван жилийн турш “боддог машин” бий болох үйл явцыг ажиглаж ирсэн. Машин шатрын их мастеруудыг хожиж эхлэх, уургийн бүтцийг урьдчилан таамаглах зэрэг амжилтууд нь бахархал төрүүлэхийн зэрэгцээ хүний мөн чанар, оюун ухаан гэж чухам юу вэ гэсэн асуултыг дахин хурцаар тавьдаг болсон гэж тэмдэглэжээ.
Шинжээчдийн байр суурь ч үүнтэй огтлолцож байгаа бөгөөд хиймэл оюун ухаан, мөн түүнийг хөгжүүлж буй компаниуд нийгмийг маш хурдтай өөрчилж байгааг энэ шийдвэр тодотголоо гэж дүгнэсэн байна.
ChatGPT-ийн хэрэглээ, асар их хөрөнгө оруулалт
OpenAI компани есдүгээр сард мэдээлж байсанчлан долоо хоногт ChatGPT чатботыг нь 700 сая орчим хүн ашиглаж байна гэж нийтлэлд дурджээ. Үүний зэрэгцээ технологийн томоохон компаниуд хиймэл оюун ухаан, мөн хиймэл оюуны дэд бүтцэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж буйг онцолсон байна.
Time энэ жил хоёр өөр нүүр бэлтгэжээ
Time сэтгүүл энэ удаад нүүрээ хоёр хувилбараар гаргасан байна. Нэг хувилбар дээр “AI” үсгийг уран зургаар илэрхийлсэн бол нөгөө хувилбар дээр нь тус салбарын тэргүүлэгч хүмүүсийг дүрсэлжээ. Энэ нь нэг талаас технологийн үзэгдлийг, нөгөө талаас түүнийг хөдөлгөж буй хүмүүсийг зэрэг онцлох гэсэн санаа мэт харагдаж байна.
Хариуцлагын яриа “өрсөлдөөн”-ий дунд дарагдав
Нийтлэлд мөн нэг хатуу дүгнэлт гарчээ. Энэ онд “хиймэл оюуныг хэрхэн хариуцлагатай ашиглах вэ” гэдэг асуудал “хэр хурдтай нэвтрүүлэх вэ” гэсэн өрсөлдөөний дунд байр сууриа тавьж өгсөн гэж Time-ийн редакц онцолсон байна. Мөн Хуанг, Сон, Альтман болон хиймэл оюуны аваргуудын ачаар хүн төрөлхтөн бүрэн автоматажсан, тодорхойгүй ирээдүй рүү тоормосгүй давхиж байна гэж тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ Fountech AI лабораторийг үүсгэн байгуулагч Ник Кайринос найдвартай, хариуцлагатай, хүний үнэт зүйлстэй нийцсэн хиймэл оюуны системийн хөгжлийн эхэн үеийг бид одоо туулж байна гэж онцолсон байна.
Time-гийн “Оны хүн” уламжлал
Time сэтгүүл 1927 оноос хойш жил бүр Оны хүнийг тодруулж ирсэн уламжлалтай. Нийтлэлд дурдсанаар 2024 оны Оны хүнээр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп тодорч байсан байна.