“Титаник” киноны Жек Доусоны бодит амьдрал дахь “аналог” хэмээгдэж буй, Роуз нэртэй бүсгүйд дурласан зорчигчийн захидлыг дуудлага худалдаанд тавьжээ. Лотын анхны үнэ 66 мянган ам.доллар байна.
Daily Mail-ийн мэдээлснээр, 21 настай Эрнест Томлин гуравдугаар зэрэглэлийн зорчигч байсан аж. Тэр “Адриатик” хөлөгт тасалбар авсан ч дараа нь “Титаник” руу шилжүүлэгдсэн байна. Томлин Саутгемптонд онгоцонд сууж, АНУ руу буцан очоод шашин судлалын чиглэлээр зэрэг хамгаалахаар явж байсан гэнэ.
Тэрээр 4-р сарын 10-нд 15:00 цагт эцэг эхдээ зориулан таван хуудас захидал илгээжээ. Захидалдаа Роузийг буцаан авч чадахгүй болсондоо 24 цагийн турш уйлсан тухайгаа, мөн гэр бүлийнхнээсээ хагацах гэж буйдаа харамсаж байгаагаа бичсэн байна. Харин 4-р сарын 15-нд “Титаник” сүйрэх үед Томлин бусад олон зуун зорчигчийн хамт амиа алджээ.
Дуудлага худалдаа зохион байгуулагч Эндрю Олдридж “Ямар нэг утгаар Эрнест үнэхээр Леонардо Ди Каприогийн бүтээсэн Жек Доусоны дүртэй төстэй. Тэр гуравдугаар зэрэглэлийн зорчигч байсан, онгоцон дээр мөрийтэй тоглоом тоглодог байсан бөгөөд Роуз нэртэй эмэгтэйд дурласан нь тодорхой” хэмээн тайлбарласан байна.
Эрнест Томлины цогцсыг олсон бөгөөд түүнээс хувийн өдрийн тэмдэглэл нь гарчээ. Сүүлчийн тэмдэглэл 4-р сарын 10-ны өдрөөр огноологдсон бөгөөд ердөө нэгхэн үгтэй байсан нь “Титаник” гэжээ. Томлины төрөл төрөгсөд түүний эд зүйлсийг хадгалж ирсэн бөгөөд анх удаа дуудлага худалдаанд гаргаж байгаа нь энэ аж. Худалдаа 11-р сарын 22-нд болно.