Домогт “The Beatles” хамтлагийн 1966 онд Токио хотын “Ниппон Будокан” ордонд тоглох үеийн, өмнө нь хэзээ ч нийтэд дэлгэгдэж байгаагүй ховор гэрэл зургууд олджээ. Тус ордны архиваас нийт 102 ширхэг хар цагаан негатив (хальс) олдсон бөгөөд эдгээр нь хаана ч нийтлэгдэж байгаагүй тухай захиргаанаас нь мэдээллээ.
Зургууд дээр тоглолтын хэсгүүдээс гадна бэлтгэл ажлын явцыг буулгасан байна. Сонирхолтой нь, нэгэн зураг дээр Жон Леннон Японы уламжлалт “Фукускэ” хүүхэлдэйг инээмсэглэн харж буй агшин хадгалагджээ. Япончууд энэхүү хүүхэлдэйг ажил үйлст амжилт, аз жаргал авчирдаг гэж бэлгэддэг. Хожим нь энэ хүүхэлдэйн дүрсийг хамтлагийн 1967 онд гаргасан алдарт “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band” цомгийн нүүр зурагт ашигласан байдаг.
Британийн дөрвөл 1966 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 2-ны хооронд Японд аялан тоглолт хийсэн юм. Тэд өмнө нь зөвхөн тулааны урлагийн тэмцээн болдог байсан “Ниппон Будокан” ордонд ганцхан удаа тоглож байжээ. Тухайн үеийн тоглолтын аудио бичлэг хадгалагдаж үлдээгүй тул гэрэл зургууд нь маш ховор нандинд тооцогддог.
2009 онд мөн тус аялан тоглолттой холбоотой өмнө нь мэдэгдээгүй 19 ширхэг зураг олдож байсан бол 2018 онд гэрэл зурагчин Кацүжи Абэгийн гэрээс 60 гаруй зураг олдсон ч тухайн үед ердөө нэг нь л нийтэд ил болж байсан юм.