Монголын сумо бөхийн холбоо, Японд дээд зиндаанд барилдаж байсан сумочин Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит U15 насны өсвөрийн сумочдын улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн есдүгээр сарын 20-нд зохион байгуулагдана.
Энэ тэмцээн нь дөрөв дэх жилдээ болох бөгөөд сумогоор сонирхон хичээллэж буй өсвөрийн тамирчдыг илрүүлж, бэлтгэх зорилготой. Гурван насны ангиллаар явагдах уг тэмцээний үеэр Японы ахлах сургуулийн багш Кишийда Мицүхиро сонгон шалгаруулалт хийж, ахлах насны ангилалд амжилттай оролцсон 1–2 хүүхдийг Японы Нинагакуен Асахигаока ахлах сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцуулах боломж олгоно. Мөн ангилал тус бүрийн шилдгүүдийг медаль, мөнгөн шагналаар урамшуулах аж.
Токүсэгава Б.Ганболдын замнал
Токүсэгава буюу Б.Ганболд нь мэргэжлийн сумод дэвжиж, маэгаширагийн нэгдүгээрт хүртэл эрэмбэлэгдэж байсан. Тэрбээр 2003 онд мэргэжлийн сумод хүч үзэж эхэлсэн бөгөөд 2010 онд макүчи зиндаанд дэвшин барилдсан. 2011 онд зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд зургаан башё барилдаж, тавд нь качигоши буюу тавин хувийн амжилт үзүүлжээ.
Түүний нийт барилдааны үзүүлэлт 223 ялалт, 163 ялагдал бөгөөд макүүшита, санданмэ зиндаанд тус бүр нэг удаа түрүүлсэн. Монголдоо зодог тайлсныхаа дараа 2012 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байв.