Table of Contents
Хиймэл оюун ухаанаар (ИОУ) бүтээсэн, Холливудын супер одууд болох Том Круз, Брэд Питт нар барилгын дээвэр дээр тулалдаж буй 15 секундын богино хэмжээний бичлэг Америкийн кино үйлдвэрлэлийн салбарт томоохон эсэргүүцэл, түгшүүр дагуулаад байна.
The New York Times (NYT) сонины мэдээлснээр, энэхүү дуулианы шалтгаан болон Холливудын гол айдсуудыг дор тоймлон хүргэе.
Гайхамшигтай бодит дүрслэл ба Seedance 2.0
Уг бичлэгийг Ирландын найруулагч Руайри Робинсон бүтээсэн бөгөөд тэрээр Хятадын технологийн аварга ByteDance компанийн Seedance 2.0 хэмээх ИОУ-ын багажийг ашиглажээ. Бичлэгт тулааны хөдөлгөөн, камерын шилжилт, дүрийн харилцан яриа болон дуу чимээ нь маш бодит болсон нь мэргэжлийн тулаант киноноос дутахааргүй байв.
Зохиогчийн эрхийн маргаан
Бичлэг хэтэрхий бодит болсон нь кино студиуд болон мэргэжлийн холбоодын шүүмжлэлийг дагууллаа:
- Кино компаниудын холбоо (MPA): Тус холбооны тэргүүн Чарльз Ривкин ByteDance-ийг зохиогчийн эрхээр хамгаалагдсан объектуудыг зөвшөөрөлгүй ашиглан “хууль бус үйл ажиллагаа” явуулж байна хэмээн буруутгаж, нэн даруй зогсоохыг шаарджээ.
- Disney-ийн гомдол: Disney компани Seedance 2.0-ийг хэрэглэгчдэд тус студийн “хулгайн” баатруудын баазыг ашиглах боломж олгож байна гэж үзэж байна.
Уран бүтээлчдийн айдас
Холливудын бүтээлч хамт олон ИОУ-ыг зардлаа хэмнэх хэрэгсэл болгон ашиглах вий гэхээс хамгийн их айж байна.
“Хиймэл оюун ухаанаар бичсэн зохиол миний хөдөлмөрөөс хамаагүй хямд тусна. Үүнийг ухамсарлах нь гүн гүнзгий айдас төрүүлж байна” гэж “Deadpool” киноны зохиолч Ретт Риз ярьжээ.
Зах зээлийн өрсөлдөөн
TikTok-ийг эзэмшдэг 480 тэрбум долларын үнэлгээтэй ByteDance компани энэхүү бүтээгдэхүүнээрээ Google-ийн Veo болон OpenAI-ийн Sora-тай шууд өрсөлдөж байна. Шинэ хувилбар гарснаас хойш хэдхэн хоногийн дотор сүлжээгээр “Game of Thrones”-ийн өөр хувилбар төгсгөлүүд болон бусад алдартай дүрүүдийг өөрчилсөн бичлэгүүд хүчтэй тархаад байна.