Table of Contents
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг өнөөдөр хуралдаж, улс орон даяар үүсээд байгаа томуу, томуу төст өвчний (ТТӨ) нөхцөл байдал болон Эрүүл мэндийн салбараас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн мэдээллийг сонслоо. Тэрбээр одоогийн өвчлөлийн гол шалтгаан нь А хүрээний вирус байгааг тодотгожээ.
Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өссөн үзүүлэлт
ТТӨ-ийн дэгдэлт өндөр байгаа энэ үед хийсэн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдээллээр:
Улсын хэмжээнд амбулаторийн үзлэг, яаралтай тусламжийн тасагт бүртгэгдэх ТТӨ-ийн нийт хувь хэмжээ бага зэрэг буурах хандлагатай байна. Гэсэн хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоо харин ч өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Нийслэлд өвчлөл буурах шалтгаан
Нийслэл хотод өвчлөлийн хувь буурч байгаа нь дараах зохион байгуулалтын арга хэмжээнүүдтэй холбоотой гэж Эрүүл мэндийн сайд тайлбарлалаа:
- Сурагчдыг цахим хичээлд шилжүүлсэн.
- Иргэдийн дунд амны хаалтын хэрэглээ нэмэгдсэн.
- 5 хүртэлх насны хүүхдүүдийг ТТӨ-өөр өвдсөн тохиолдолд гэрээр эмчлэх боломжийг бүрдүүлсэн.
- Сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлсэн.
Томуугийн тусгай үзлэгийн хэсгүүд ажиллаж эхэлнэ
Томуу, томуу төст өвчний үзлэг, үйлчилгээний хүлээгдлийг багасгах зорилгоор лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад Томуугийн үзлэгийн хэсгийг тусгайлан ажиллуулах үлгэрчилсэн зааврыг гаргажээ. Энэхүү тусгай үзлэгийг энэ долоо хоногоос эхлэн хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ нь дараах ач холбогдолтой:
- Үзлэгийн хүлээлгийн цагийг богиносгох.
- Хэвтэн эмчлүүлэх тохиолдлыг бууруулах.
- Халдварыг бусад эмчлүүлэгчдэд тараахгүй байх.