Төрийн дээд одон медаль, цол хэргэм олгож өгнө хэмээн иргэдийг төөрөгдүүлж, их хэмжээний мөнгө залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэх боллоо. Сүүлийн үед залилагчид цахим орчинд хуурамч зар тавих эсвэл нөлөө бүхий албан тушаалтай, танил талтай гэх мэтээр итгэл төрүүлж бусдыг хохироох аргыг түгээмэл ашиглах болсныг анхааруулж байна.
Тодруулбал, “Монгол Улсын Гавьяат” цол авч өгнө гэж бусдыг хуурч, үл таних хүнд 30 сая төгрөгөө залилуулсан ноцтой хэргийг хууль хяналтынхан илрүүлээд байна. Уг хэргийг төрийн болон хувийн хэвшлийн нөлөө бүхий байгууллагуудад ажиллаж байсан С, А, Д нар бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогджээ. Одоогийн байдлаар тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр гэмт этгээдүүд дараах нэр төрлийн шагналуудыг “худалдана” эсвэл “зуучилж гаргаж өгнө” гэх нэрээр иргэдийг төөрөгдүүлж байна:
- “Монгол Улсын Гавьяат” цол
- “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон”
- “Байлдааны гавьяаны улаан тугын одон”
- “Алтангадас одон”
Эдгээр төрийн дээд шагнал, одон медалиудыг цахим орчинд хуурамч хаяг ашиглан сурталчлах, эсвэл эртний эд өлгийн зүйл зардаг дэлгүүрт борлуулна гэж худал амлах замаар залилах тохиолдол ихэссэнийг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүллээ. Төрийн шагнал олгох үйл явц нь хууль тогтоомжийн дагуу тодорхой шат дамжлагаар явагддаг тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, энэ төрлийн гэмт хэргийн золиос болохгүй байхыг зөвлөж байна.