2025 оны долдугаар сарын 2-ны орой 18:40 цагийн орчимд Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбай дээр байршуулсан төмөр асар (тайзны бүтэц) нурж, гурван иргэн бэртсэн ноцтой хэрэг гарлаа. Гэмтэж бэртсэн иргэдийн дунд хоёр насанд хүрсэн хүн болон нэг хүүхэд байгаа бөгөөд тэдэнд эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлэн, “Гэмтлийн эмнэлэг” рүү түргэн тусламжийн 103 дугаарын машинаар яаралтай хүргэсэн байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлснээр, уг осол гарсан даруйд холбогдох бүрэлдэхүүн хэргийн газарт очин шуурхай ажиллаж эхэлжээ. Тайз нуралттай зэрэгцэн тухайн үед орсон хүчтэй салхи төв талбайн хиймэл ногоон зүлгийг хуулж хаясан нь ослын шалтгаанд нөлөөлсөн байж болзошгүй байна.
Ослын шалтгаан, хохирлын хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж буй бөгөөд арга хэмжээний аюулгүй байдлыг хангахад анхаарах шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.