АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр ОХУ-ын эрх баригчдад хандан Украины дайнтай холбоотой шаардлагуудаа дахин танилцууллаа. Тэрбээр Оросын талд «10-12 хоногийн дотор дайныг дуусгах»-ыг шаардаж, энх тайван тогтоох алхам хийхгүй бол хориг арга хэмжээг эрс чангатгана гэдгээ мэдэгдэв.
Трамп хоёр долоо хоногийн өмнө Украины дайныг 50 хоногийн дотор дуусгах хугацаа өгч байсан ч шинэ мэдэгдэлдээ энэхүү хугацааг эрс багасгасан байна. Түүний хэлснээр, “Ямар ч ахиц дэвшил гарсангүй. Цаашид хүлээх шалтгаан алга” гэж тэр хэлжээ.
Шотландад Их Британийн Ерөнхий сайдтай уулзах үеэрээ Трамп “Путин байнга худлаа ярьдаг. Түүнд найдаж болохгүй нь нэгэнт тодорхой болсон” гэж онцлов. Тэрбээр мөн “Бид гал зогсоох хэлэлцээр хийх гэж оролдож байсан ч эцэст нь Киев болон бусад хот руу дахин пуужин харвасан” хэмээн тайлбарлав.
Өмнө нь яриа хэлэлцээг чухалчилж байсан бол энэ удаад Трамп “үйл явц нэгэнт оройтсон” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. “Үүнийг март гэж хэлмээр байна. Би дахин ярихгүй. Хэтэрхий олон удаа ийм зүйл тохиолдсон нь надад таалагдахгүй байна” гэж тэр анхааруулав.
Түүний энэхүү хатуу байр суурь Оросын төрийн мэдлийн мэдээллийн хэрэгслүүдээр тэр даруй цацагдаж, Кремлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков үүнд “маш нухацтай хандаж байгаа” тухайгаа өмнө нь илэрхийлсэн. Гэсэн ч ОХУ-ын парламентын гишүүн Андрей Гурулёв “Трампын үг фронт дээр ч, Москвагийн хувьд ч нөлөө багатай болсон” гэж хэлжээ.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак Трампын мэдэгдлийг “хүчээр энх тайван тогтоохын тодорхой дохио” хэмээн сайшааж, “Путин зөвхөн хүчийг л хүндэлдэг” гэдгийг онцолсон байна.
Гэсэн ч гурван жил гаруйн турш үргэлжилж буй Украины дайн тун удахгүй дуусна гэж үзэхэд эргэлзээтэй хэвээр байна. Сүүлийн саруудад Украин, Оросын төлөөлөгчид Туркийн Истанбулд гурван удаа уулзсан ч гал зогсоох хэлэлцээрт хүрээгүй. Харин ч Орос агаарын цохилтоо улам эрчимжүүлсээр байгаа юм.