Цагаан ордны байранд Ерөнхийлөгч Дональд Трампын нэгэн шинэ гэрэл зураг тавигдсан нь олны анхаарлыг татаж байна. Энэ нь 2025 оны 8-р сард Аляскад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Владимир Путинтэй хэлэлцээ хийж буй зураг бөгөөд энэ тухай PBS сүлжээний сурвалжлагч Элизабет Ландерс мэдээллээ.
Уг гэрэл зургийг Цагаан ордны ажлын хэсэг болох Баруун жигүүрийг ерөнхийлөгчийн амьдардаг байртай холбодог вестибюль буюу орох хэсэгт байрлуулжээ. Журналист бүсгүйн тэмдэглэснээр, өмнө нь энэ хэсэгт тус зураг байгаагүй бөгөөд хамгийн сонирхолтой нь хоёр улсын удирдагчийн зургийг Трамп өөрийн гэр бүлийн гишүүний зурагтай зэрэгцүүлэн тавьсан байна. Тодруулбал, Путинтэй авахуулсан зургийн доор АНУ-ын Ерөнхийлөгч нэгэн ач хүүтэйгээ хамт байгаа зураг өлгөөтэй байгаа аж.
“Би Баруун жигүүрийг резиденцтэй холбодог хэсэгт өмнө нь харж байгаагүй нэг зүйл анзаарсан нь Ерөнхийлөгч Трамп, Путин нарын Аляскад хийсэн зуны дээд хэмжээний уулзалтын жаазтай зураг байв” хэмээн Ландерс бичээд, зэрэгцээх зурагт ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүн байгааг баталжээ.
Цагаан ордны дотоод хэсэгт ийм төрлийн зураг байрлуулах нь ихэвчлэн тухайн засаг захиргааны тэргүүлэх чиглэлийг илэрхийлдэг. Аляскийн уулзалтын зураг нь Дональд Трамп Кремльтэй шууд хэлэлцээ хийхийг эрмэлзэж буйг сануулж байгаа бөгөөд зургийг байрлуулсан байршил нь төрийн тэргүүний хувьд энэ үйл явдал хэр зэрэг чухал болохыг илтгэж байна.
Одоогоор Цагаан ордны албан ёсны төлөөлөгчид резиденцийн хонгил дахь энэхүү өөрчлөлтийн талаар тайлбар өгөөгүй байна. Ер нь Цагаан ордны ханыг ерөнхийлөгчийн засаглалын хугацаан дахь хамгийн ач холбогдолтой мөчүүдийг харуулсан зургуудаар чимдэг уламжлалтай билээ.