Table of Contents
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын орнуудын удирдагчидтай уулзаж, Оросын явуулж буй дайныг зогсоох гарцуудын талаар хэлэлцэв.
Эхэндээ Трамп, Зеленский хоёрын ганцаарчилсан уулзалт болсон бөгөөд Зеленский түүнийг “хамгийн сайн, халуун дулаан уур амьсгалтай уулзалт” гэж тодорхойлжээ.
Үүний дараа өргөтгөсөн хэлэлцүүлэгт Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Их Британийн Ерөнхий сайд Кэйр Стармер, Германы канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар оролцов.
Путинтэй шууд холбоо тогтоов
Уулзалтын дундуур Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, гурван талын хэлэлцээ хийх боломжийг хэлэлцсэн байна. Кремлийн мэдээлснээр 40 минут үргэлжилсэн энэхүү ярианы үеэр Путин Украинтай шууд хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Зеленский ч мөн Трамп, Путинтэй зэрэгцэн уулзах, эсвэл Путинтэй шууд уулзах бүх хувилбарт нээлттэй гэдгээ мэдэгдсэн байна.
Аюулгүй байдлын баталгаа ба маргаантай байр суурь
Цагаан ордонд болсон хэлэлцүүлгийн нэг чухал сэдэв нь Украины аюулгүй байдлын баталгааны асуудал байв. Трампын хэлснээр энэ үүргийг голчлон Европын орнууд хүлээх бөгөөд АНУ туслах боломжтой аж.
Гэвч Трамп энхийн хэлэлцээ эхлэхээс өмнө гал зогсоох шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлсэн нь Европын удирдагчдын үзэл бодолтой зөрчилдлөө. Францын Ерөнхийлөгч Макрон, Германы канцлер Мерц нар яриа эхлэхийн өмнө гал зогсоох ёстой гэж хатуу байр суурь баримталж байгаа юм.
Мөн Трамп Украины зарим нутаг дэвсгэрийг алдах магадлалтай гэж мэдэгдсэн бол Европын удирдагчид ямар ч газар нутгийн буулт хийх ёсгүйг онцолжээ. Германы канцлер Мерц “Донбассаас татгалзахыг шаардах нь АНУ-аас Флорида мужийг өгөхийг шаардахтай адил” хэмээн тодотгосон байна.
Цаашдын алхам
Трамп Путинтэй утсаар ярилцахдаа Орос, Украины удирдагчдыг хоёр долоо хоногийн дотор уулзуулах тохиролцоонд хүрсэн талаар Мерц мэдээлэв. Цагаан ордонд болсон хэлэлцүүлэг одоо ч янз бүрийн бүтэц, хэлбэрээр үргэлжилсээр байна.