АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын эсрэг хатуу бодлого, ялангуяа Лос-Анжелес хотод өрнөж буй хууль бус цагаачдыг баривчлах ажиллагаа олон нийтийн эсэргүүцэл, жагсаал тэмцлийг өдөөн, тус улсын бусад томоохон хотуудад хурдацтай тархаж байна.
Жагсаал өнгөрсөн Баасан гарагт Лос-Анжелест эхэлсэн ч богино хугацаанд эмх замбараагүй байдалд шилжжээ. Үүний дараа Трамп байгалийн гамшгийн үед л ашигладаг Үндэсний гвардыг дайчлан, улмаар хилийн чанад дахь байлдааны ажиллагаанд оролцдог Тэнгисийн явган цэргийг ч хот руу илгээсэн нь эсэргүүцэл, шүүмжлэл дагуулж байна.
Хууль ёсоор холбооны гвардыг мужид оруулахын тулд тухайн мужийн захирагчийн зөвшөөрөл шаардлагатай байдаг. Харин энэ удаагийн ажиллагаа нь захирагчийн зөвшөөрөлгүйгээр хэрэгжиж буй анхны тохиолдол биш бөгөөд сүүлд 1965 онд ийм алхам хийгдэж байжээ.
Калифорни муж болон Лос-Анжелес хотын Ардчилсан намын захирагч нар Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэрийг “нөхцөл байдлыг улам хурцатгасан” гэж буруутгаж, цэргийн хүчээ татахыг шаардаж байна.
Мягмар гарагаас Лхагва гарагт шилжих шөнө Лос-Анжелест анх удаа хөл хорио тогтоож, цагдаагийнхан 25 хүнийг баривчилжээ. Трамп өөрийн цахим хуудсаар дамжуулан “Хэрвээ цэргүүд ороогүй бол Лос-Анжелес өнөөдөр шатаж байх байсан” гэж мэдэгдсэн бол Калифорнийн захирагч Гэвин Ньюсом телевизээр “Ардчилалд шууд заналхийлэл учирч байна” хэмээн хариу мэдэгдэл хийв.
Ньюсомыг Трампын захиргаа 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болзошгүй учир баривчлах талаар ч дотоод санал солилцож буйг эх сурвалжууд онцолжээ.
Лос-Анжелесийн ойролцоох олон арван хотын захирагч нар хамтарсан мэдэгдэл гарган, цагаачдын эсрэг явуулж буй хатуу арга хэмжээг зогсоохыг уриалсан бөгөөд Эль Монте хотын захирагч Жессика Анкона “Манай оршин суугчдыг айлгахаа зогсоо” хэмээн уриалжээ. Тэрбээр жагсаалын үеэр резинэн суманд оногдсон байна.
Цагаан ордны мэдээлснээр, хууль хүчнийхэн Баасан гарагаас хойш нийт 330 хууль бус цагаачийг баривчилсан бөгөөд тэдний гуравны нэг буюу 113 нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан аж.
Жагсаал тэмцэл Нью-Йорк, Чикаго зэрэг бусад хотууд руу ч тархжээ. Мягмар гарагийн орой эдгээр хотуудад олон мянган хүн оролцсон томоохон жагсаалууд болж өнгөрсөн байна. Техас мужийн захирагч Грэг Эббот Сан Антониод болсон жагсаалыг тараахын тулд Үндэсний гвардыг дайчилсан талаар мэдэгдлээ.
Лхагва гарагийн орой Нью-Йорк, Сиэтл, Лас-Вегас хотуудад эсэргүүцлийн жагсаалууд төлөвлөгдөж, Бямба гарагт АНУ даяар “No Kings” нэртэй томоохон жагсаал зохион байгуулагдахаар болсон байна.
Энэ өдөр Вашингтон хотод АНУ-ын армийн 250 жилийн ойг тохиолдуулсан хэмээх шалтгаанаар цэргийн томоохон парад зохион байгуулагдах бөгөөд Ерөнхийлөгч Трамп оролцохоор төлөвлөж байгаа нь түүний 79 насны төрсөн өдөртэй давхцаж буйгаараа анхаарал татаж байна.