NBA-ийн түүхэнд анх удаа долоон баг оролцсон томоохон солилцоо явагдаж, үүний үр дүнд Кевин Дюрант “Финикс Санз”-аас “Хьюстон Рокитс” багт шилжин нэгдлээ.
Финикс багт хоёр улирал тоглосны эцэст Дюрант ийнхүү Хьюстоныг зорих боллоо. Энэхүү онцгой солилцоонд “Финикс Санз”, “Хьюстон Рокитс”, “Атланта Хаукс”, “Миннесота Тимбервулвс”, “Голден Стэйт Уорриорз”, “Бруклин Нетс” болон “Лос Анжелес Лейкерс” зэрэг нийт долоон баг оролцжээ. Энэхүү түүхэн хэлцлийг өнгөрсөн ням гаригт албан ёсоор баталгаажуулсан байна.
“Кевин бол талбайн аль ч талд нөлөө үзүүлж чаддаг, сагсанбөмбөгийн түүхэн дэх хамгийн үр дүнтэй довтлогчдын нэг. Өнгөрсөн улиралд манай багийн тоглолт мэдэгдэхүйц сайжирсан. Үүн дээр нэмээд Дюрант маш хурдан дасан зохицож чадна гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн “Рокитс” багийн ерөнхий менежер Рафаель Стоун сэтгэгдлээ хуваалцжээ.
Энэхүү долоон багийн оролцоотой хэлцлийн хүрээнд нийт 13 тоглогч солигдсон байна. Гол анхаарал татсан солилцоо нь мэдээж “Финикс”-ээс “Рокитс” руу явж буй Кевин Дюрантын шилжилт юм. Харин “Рокитс”-ын зүгээс Жален Грийн болон Диллон Брүүкс нарыг “Финикс” руу явуулсан бол “Атланта Хаукс”-аас төвийн тоглогч Клинт Капелаг Хьюстон авчээ.
Өнгөрсөн зун зургаан баг оролцсон солилцооны хүрээнд Клэй Томпсон “Даллас Маверикс”-т шилжиж байснаар тухайн үед дээд амжилт тооцогдож байсан бол энэ удаагийн долоон багийн хэлцлээр NBA-ийн солилцооны түүхэнд шинэ хуудас нээгдлээ.
“Кевин бол сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг. Түүний манай багт үзүүлсэн хувь нэмрийг бид өндөр үнэлж, талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн “Финикс”-ийн ерөнхий менежер Брайан Грегори мэдэгдсэн юм.
Кевин Дюрант өнгөрсөн улиралд дунджаар 26.6 оноо авч, багийн гол оноо бүтээгч хэвээр байсныг онцлох хэрэгтэй.
