Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр энэ өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна. Энэ түүхэн үйл явдлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ойн баярын хуралд оролцож, ард иргэдэд Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Ерөнхийлөгч Увс аймгийн ард иргэдийн улс орныхоо хөгжил дэвшилд оруулсан бодит хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, аймгийг төрийн дээд шагнал — Сүхбаатарын одонгоор шагнав.
1925 онд Дөрвөдийн зүүн ба баруун хоёр аймгийг нэгтгэн “Дөрвөд далай хан аймаг” нэршлийг халж, “Чандмань уулын аймаг” болгон зохион байгуулснаар өнөөгийн Увс аймгийн суурь тавигдсан түүхтэй. Тухайн үед 41 сум, 115 багтай байгуулагдаж байсан бол өнөөдөр тус аймаг 19 сум, 86 мянга гаруй хүн ам, 3 сая орчим толгой малтай, боловсрол, соёл, аялал жуулчлал, зам тээврийн чиглэлд хөгжсөн, худалдаа үйлдвэрлэлийн идэвхтэй бүс нутаг болон хөгжжээ.
Увсын хөдөлмөрч иргэд Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямаа, Тэс хэвшлийн адуу зэрэг генетикийн хувьд давуу чанартай малыг үржүүлэн, жамц давс, чацаргана жимс зэрэг бүс нутгийн брэнд бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд амжилттай нийлүүлсээр байна.
Увс нутгаас төрсөн түүхэн зүтгэлтнүүд дотроос:
- БНМАУ-ын төрийн тэргүүн, маршал Ю.Цэдэнбал
- Ардчиллын суурийг тавьсан Ерөнхий сайд Ж.Батмөнх
- Улсын баатрууд Б.Гиваан, Т.Дүүдэй
- Хурандаа генерал Б.Дэжид
- Дархан аварга, олимпийн мөнгөн медальт Х.Баянмөнх
- Ардын багш, дэлхийн аварга О.Балжинням
зэрэг 16 генерал, 30 гаруй Хөдөлмөрийн баатар, 20 гаруй Төрийн шагналт, 11 академич, 10 гаруй Ардын жүжигчин, 600 гаруй эрдэмтэн, 300 гаруй гавьяат цолтон зэрэг алдар цуутнууд тодорсон нь энэ нутгийн бахархал юм.
Өнөөдөр Увс аймаг бол Монголын түүх, соёл, шинжлэх ухаан, спортын олон салбарт нэр алдраа дуурсгасан хүмүүсийн өлгий нутаг билээ. Түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн, Сүхбаатарын одонгоор шагнуулсан нь тус аймгийн ард түмний гавьяа зүтгэлийн тод илрэл боллоо.