Туулын хурдны замыг 2027 онд бүрэн ашиглалтад оруулна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна

Нийслэлийн зүүн хэсгийн Улаанбаатар–Налайхын чиглэлээс баруун аймгууд руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх “Туулын хурдны зам” төслийн бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах, баруун зүүн талыг холбосон шинэ хөдөлгөөний урсгалыг бий болгох зорилготой юм.

Төслийн ажлын явц

Одоогийн байдлаар дараах үндсэн ажилууд бүрэн хийгджээ:

  • 2000 м² талбайд дайрга дэвсэж тэгшлэх, дам нуруу угсрах талбайг нягтруулсан.
  • 24,000 м³ хайрга дайрга дэвсэж тэгшлэх ажил дууссан.
  • Төслийн кемпийн 2000 м² талбайд дайрга дэвсэж, 1000 м² талбайд бетон цутгалт хийсэн.
  • Дөрвөн байршилд түр зам барих ажил эхэлсэн бөгөөд 2025 оны арваннэгдүгээр сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
  • Байгаль орчны нөхөн сэргээлтийн хүрээнд 1000 ширхэг модыг Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн суулгасан байна.

Замын бүтэц, техникийн үзүүлэлт

“Туулын хурдны зам” нь Баянзүрхийн товчооноос баруун чиглэлд Аюулгүйн тойрог хүртэлх 32 км урт, зургаан эгнээ бүхий авто зам юм. Төслийн хүрээнд:

  • Нийт 8 байршилд хоёр түвшний уулзвар,
  • 13 байршилд 9.8 км урт гүүрэн байгууламж,
  • 4 байршилд 190 метрийн урттай туннель барихаар төлөвлөгдсөн.

Зам нь 7 орц, гарцтай байх бөгөөд ингэснээр Энхтайваны гүүр, Яармагийн гүүр, Наадамчдын гүүр, Сонсголонгийн гүүрийн ачааллыг хуваалцаж, Нисэх болон Яармагийн түгжрэлийг 40 орчим хувиар бууруулах тооцоолол гарсан байна.

Хэрэгжүүлэгч компани ба хөтөлбөрийн ач холбогдол

Төслийг хэрэгжүүлэгч “ХаоЮань групп” ХХК нь 20 жилийн туршлага бүхий Хонгконгийн компани бөгөөд дэд бүтэц, авто зам, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт амжилттай төслүүд хэрэгжүүлж иржээ. Тус компани Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад зэрэг орнуудад хурдны замын төслүүдийг гүйцэтгэсэн туршлагатай.

“Туулын хурдны зам” нь “Улаанбаатар-2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан авто замын сүлжээний чухал хэсэг бөгөөд нийслэлийн замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих цагийг хэмнэх зорилготой.

Төслийн барилгын ажлыг 2025–2027 онд хэрэгжүүлж, олон улсын стандартын дагуу үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөжээ.


Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй