ТВ8 шинэ реалити шоугаар хувь хүний сорилтыг дэлгэцнээ авчирна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
BE STRONG

Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз “HR Corporation”-тай хамтран “Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино” уриатай “Be strong” реалити шоуг үзэгчдэд хүргэхээр болсноо зарлалаа. Төслийн эхний дугаар 2026 оны дөрөвдүгээр сарын 23-нд цацагдах бөгөөд хувь хүний хөгжил, өөрчлөлтийн сэдвийг энтертайнмент хэлбэрээр хослуулснаараа онцлог болох юм.

Шоуны нүүр царайгаар “HR Corporation”-ийн үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч, Multiplier Ё.Мөнхдэмбэрэл ажиллана. Тэрбээр оролцогчдын дотоод нөөц боломжийг ил гаргах, айдас эргэлзээг даван туулах сэтгэлгээний өөрчлөлтийг бодит сорилтоор дамжуулан үзүүлэхээр зорьж байгаа аж.

“Be strong” нь зөвхөн өрсөлдөөнт шоу биш, харин бие хүний цогц хөгжлийг харуулах реалити төсөл гэдгээрээ ялгарч байна. Оролцогчид дараах чиглэлийн сорилтуудтай нүүр тулах юм:

  • сэтгэлгээний хувьсал
  • стайл имижийн өөрчлөлт
  • сэтгэл зүйн тэсвэр
  • бие бялдрын хөгжил

Төслийн багийн үзэж буйгаар энэхүү шоу нь үзэгчдэд урам зориг өгөхөөс гадна өөрчлөгдөх сэдэл, шинэ хандлага төрүүлэх агуулгатай байх аж. Үндэсний контентын зах зээлд ч шинэ өнгө төрх нэмэх зорилготойгоор бүтээж байгааг онцолжээ.

ТВ8 телевизийн хувьд 2006 онд байгуулагдсан бөгөөд энэ жил 20 жилийн ойтойгоо золгож байна. Тус телевизийн уран бүтээлчид өмнө нь 2020 онд “Gobi challenge”, 2021 онд “Ардын журамт цэргийн мөрөөр”, 2022, 2023, 2025 онд “Anuxai’s fitness show” төслүүдийг хэрэгжүүлж, нийт 4 цуврал бүлгийг үзэгчдэд хүргэсэн туршлагатай. Мөн “Анхны баяр” уран сайхны кино, “Хайрыг битгий гомдоо” олон ангит кино зэрэг бүтээлүүдийг туурвисан байна.

Үүнээс гадна “Экологийн цаг”, “Тос даасан монгол айл”, “Тавилан”, “Хүүхдийн нэвтэрхий толь” зэрэг нэвтрүүлэг, контентууд нь үзэгчдээс эерэг үнэлгээ авч байжээ. Ийм туршлагын үргэлжлэл болгон “Be strong” шоуг бүтээж байгаа нь салбарынхны анхаарлыг татаж байна.

Төслийн багийн мэдээлснээр шинэ реалити шоунд 18-45 насныхан оролцоно. Харин оролцогчдын тоо болон шагналын санг одоогоор нууцалж байгаа аж.

Ё.Мөнхдэмбэрэлийн хувьд өөрийн байгуулсан “HR Corporation”-ийн Хүний нөөцийн академиараа дамжуулан 30.000 гаруй хүнд манлайлал, сэтгэлгээний өөрчлөлтийн сургалт, хөтөлбөрүүдийг хүргэсэн туршлагатай юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй