16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг олон нийтийг цочирдуулж, иргэд шударга шийдвэрийг шаардаж байна. Хууль шүүхийн байгууллагад итгэх итгэл, нийгмийн бухимдлыг дагуулж буй энэ хэрэгтэй холбоотойгоор есдүгээр сарын 17-нд болох урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан анхаарал татаж байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлснээр уг хурлаар гэм буруутай эсэх болон ял оноох асуудлыг хэлэлцэхгүй. Харин мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн эсэх, оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг авч хэлэлцэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ талаар цахим хуудсандаа:
“Сүүлийн үед нийгмийг цочирдуулсан онц ноцтой гэмт хэргийн талаарх мэдээ мэдээлэл олон нийтийн дунд гарч ард иргэдийг түгшээж буйд сэтгэл зовниж байна. Энэхүү жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход хууль шүүхийн байгууллага онцгой анхаарч, гэмт этгээдэд ял завшуулахгүй, гагцхүү хууль дээдлэх зарчмыг ягштал баримталж ажиллах ёстой. Мөн үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх нь нэн чухал юм.” хэмээн байр сууриа илэрхийлжээ.